Австралийн Голд-Кост хотод болсон “Pan Pacific masters games 2026“ олон улсын спортын наадамд 38 орны 16 000 гаруй тамирчин ур чадвараа сорив. Тус наадамд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Монголын багаас усанд сэлэлтийн төрөлд “Remax swimming” клубийн тамирчин Л.Дэлгэрбуян, М.Дэлгэрмаа нар 200 метрийн эрвээхэй сэлэлтээр мөнгө, 100 метрийн араар даллах сэлэлтээр хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс Ц.Энх- Амгалан 200, 400 метрийн эрвээхэй сэлэлтийнхэд мөнгө, Б.Хүрэлбаатар 200 метрийн мэлхий сэлэлтээр хүрэл, У.Бэлгүүдэй 100, 200, 400 метрийн эрвээхэй сэлэлтэд түрүүллээ. Түүнчлэн дотоодын томоохон тэмцээний нэг болох Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Ерөнхийлөгчийн цом-2026” тэмцээнд хот, орон нутгийн нийт 21 багийн 315 тамирчин оролцож, ширүүхэн өрсөлдсөн. Аймгуудаас Говьсүмбэрийн “Говийн усчид” клубийнхэн 13 алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль гардсан. Тус клубийн сэлэгчид сүүлийн үед өсвөр үеийн УАШТ, олон улсын тэмцээнд амжилттай оролцож, улсын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож буй. Мөн Сэлэнгийн Биеийн тамир, спортын газрын харьяа “Silver fins”-ийн сэлэгчид гурван алт, 10 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн юм. Дээрх багуудтай ана мана өрсөлдсөн Орхон аймгийн “Хангарди” клубийнхэн 34 алт, 18 мөнгө, 16 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр III байр эзэллээ. Тэднээс Ц.Анар шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарав. Сонирхуулахад, өмнөд хөршийн Бээжин хотод болох усанд сэлэлтийн ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид улсаа төлөөлж оролцоно.