Сенегалын хөл бөмбөгийн шигшээ баг Африкийн Үндэстнүүдийн цомын 2025 оны тэмцээний аваргын титмээ шүүхийн шийдвэрээр эргүүлэн авлаа. Спортын арбитрын шүүх (CAS) арваннэгдүгээр сарын 24-нд Сенегалын гомдлыг хүлээн авч, Африкийн Хөл бөмбөгийн холбооны (CAF) давж заалдах шатны зөвлөлийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Мароккогийн нийслэл Рабат хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд болсон шигшээ тоглолтод Сенегал Марокког 1:0-ээр ялсан анхны үр дүнг албан ёсоор сэргээв. Тухайн тоглолтын үндсэн цагийн төгсгөлд шүүгч Мароккод торгуулийн цохилт заасныг эсэргүүцсэн Сенегалын тоглогчид талбайг орхин гарсан юм. Тэд 14 минутын дараа эргэн ирж, нэмэлт цагт Пап Гейе шийдвэрлэх гоол оруулсан билээ. Гэвч CAF гуравдугаар сард Сенегалыг дүрэм зөрчсөн гэж үзэн, Марокког 3:0-ээр хожсонд тооцож, аваргаар зарласан аж. Улмаар Сенегалын тал арбитрын шүүхэд хандсан юм.
Шүүхээс тоглогчид талбайдаа эргэн ирж, тоглолтоо дуусгасан тул тоглолтыг бүрмөсөн орхисон гэж үзэх үндэслэлгүй хэмээн Сенегалын талд шийдвэр гаргажээ. Үүний дараа Сенегалын тал “Африкийн аваргууд мөнхөд хэвээрээ” хэмээн мэдэгдсэн бол Мароккогийн Хөл бөмбөгийн холбоо цаашид хууль зүйн арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. Ийнхүү Сенегал 2022 оны амжилтаа давтаж, Африкийн аваргаар хоёр дахь удаагаа тодорлоо.
Э.Сүйлэн