Сагсан бөмбөгийн “FIBA Азийн цом- 2029 урьдчилсан шатны тэмцээн”- ий II шатны тоглолт Улаанбаатар хотын “М банк aрена”-д өнөөдөр эхэлнэ. Монголын сагсан бөмбөгийн холбоо болон дасгалжуулагчдын баг тус тэмцээнд өрсөлдөх багийн үндсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо дотоод, гадаадын лигт үзүүлж буй тоглолтын чанар, статистикийг гол шалгуур болгожээ. Эхний ээлжинд шилдэг 17 тамирчныг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудаж, тэмцээний өмнөх долоо хоногийн нэгдсэн бэлтгэл, цугларалтын үеэр багийн системд зохицох байдал, бэлтгэлжилтийг харгалзан үндсэн 12 тоглогчийг эцэслэн зарласан. Улсаа төлөөлөн өрсөлдөх манай улсын шигшээ багт Ш.Энхийн-Од, А.Азбаяр, Х.Оргил, Ч.Маргад, Б.Барсболд, Э.Түшиг, С.Биндэръяа, Г.Дөлгөөн, Н.Батбаяр, М.Өлзий-Орших, Г.Болор-Эрдэнэ, О.Өсөхбаяр нар багтаж, ахлах дасгалжуулагч Э.Ариунболдын удирдлагад тоглох нь. Гадаадын лигт тоглодог дөрвөн тамирчин шигшээ багт дуудагдаж ирсэн бөгөөд NBA G League-ийн “Осэола мэжик” багийн тоглогч Ш.Энхийн-Одыг ахлагчаар сонгосон юм. Энэ удаагийн бүрэлдэхүүнд хоёр метрээс дээш өндөртэй таван тамирчин багтсан нь багийн хүчийг зузаатгах зорилготойгоос гадна үе тэнгийн залуу тоглогчид талбайд нэгнээ сайн ойлголцож тоглох давуу талыг мөн харгалзсан байна. Тамирчдаас Ш.Энхийн-Од АНУ-ын “NBA G league”- гийн “Осэола мэжик”, Х.Оргил, А.Азбаяр нар Японы лигийн “Фүкүй блоувайндс” багт хүчин зүтгэдэг бол Ч.Маргад АНУ- ын коллежийн лигт (NCAA) тоглодог. Манайхан Индонезийн багтай өнөөдөр, маргааш Хонконгийн шигшээтэй, 29- нд Малайзын тамирчидтай 19.00 цагт тоглоно. 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх уг тоглолтод манайхны эхний учраа болох Индонезийн шигшээг ахлах дасгалжуулагч Коко Херу Сетё Нугрохо удирдаж буй. Тэрбээр Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн B лигт тоглодог хоёр тамирчин болон дотоодынхоо шилдэг 10 тоглогчоор багаа бүрдүүлжээ. Тэр дундаа 2022 оны Зүүн Өмнөд Азийн наадмаас алтан медаль хүртсэн туршлагатай тоглогчдоос Маркес Болден, Деррик Майкл Кзавиерро нараар хүч сэлбэсэн аж. NBA-гийн “Кливленд Кавальерс”, “Милуоки Бакс”, “Шарлотт Хорнетс” багт тоглож байсан 208 см өндөртэй Маркес Болден нь 2022 оны Азийн АШТ-ий нэг тоглолтод дунджаар 21.8 оноо, 11.3 самбараас бөмбөг авалт, 2.8 хаалт гүйцэтгэж тоглолтыг хошуучилж байв. Тэрбээр дөрвөн жилийн дараа шигшээ багтаа эргэн нэгджээ. Түүнчлэн Брэндон Джавато, Андакара Прастава, Юдха Сапутера, залуу тоглогч Дэйм Диагне нар багийнхаа гол хүч болох нь.
Тэгвэл Хонконгийн баг C хэсэгт Малайзыг, Индонезын шигшээг, Сингапурын тамирчдыг дараалан хожиж, II шатанд орж ирсэн хүчирхэг өрсөлдөгч юм. Гол холбогч Глен Ян тэргүүтэй алтан үеийн туршлагатай бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Түүнчлэн Малайзын шигшээ Хонконгийн тоглогчдод хожигдсон ч Индонез, Сингапурын багийг буулган авсан чамлахааргүй учраа. Багийн гол лидерүүд нь Тишик Босанго, Чун Хон Тинг нар юм.