Боксоор олон жил хичээллэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан Гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн амьдрал, спортын замналын бодит түүхийг өгүүлэх “And Still: A dream buried within”(“Сэтгэлийн гүнд нуугдсан мөрөөдөл”) хэмээх баримтат кино ирэх сарын 3-нд АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс тойргийн Тайсонс Корнер дахь “Look Dine-In cinemas” кино театрт нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болох нь.
Найруулагч Кристофер Крузын бүтээл, “Z’s boxing gym”-ийн энэхүү кинонд түүний амжилт, ялалтын цаана үлдсэн золиос, эх хүний үүрэг хариуцлага, мөн алсын Америкт цагаачлан очиж, карьераа шинээр эхлүүлж буйг өгүүлэх аж. Тэрбээр амьдралын бэрхшээл, улиран өнгөрөх он жилүүдийн аль нь ч булааж чадахааргүй нэг зүйлийг сэтгэлдээ тээж явжээ. Тэр нь хэзээ ч бөхөөгүй мөрөөдөл байсныг кино бүтээгчид олон талаас нь харуулахыг зорьсон байна.
Одоо түүний тэмцэл медалиас ч илүү утга учиртай. Тиймдээ ч охиныхоо, өөрийн ирээдүйн төлөө тэмцэж байна. Сорилтыг даван туулж хэн болохоо дахин харуулах түүний итгэл найдвар, зоригийг “Сэтгэлийн гүнд нуугдсан мөрөөдөл”-өөс харах боломжтой.