Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Э-д холбогдох шүүх хурал боллоо. Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл өглөө.
Талийгаачийн ээж "Хүчирхийлсээр байгаад охины минь аминд нь хүрчихлээ. Охиноо энэ хүчирхийлэгчээс салаад жаргана гэж бодож байсан. 18 настай хүү аавынхаа дарамтад удаан амьдарсан. Аав гэж хэлэх ч дургүй, их зодуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард шүүгдэгчийн эгч нар хувцас авч өгнө гэж дагуулж явсан. Түүнээс хойш сэтгэлийг нь урвуулсан бололтой. Санааг нь эргүүлжээ. Бид талийгчийн гэрт ч очдоггүй байсан. Очвол та аав, ээж юу хийж байгаа юм гэдэг. 14 настай охин нь ч их дарамтад байсан. Амиа хорлох тухай бодож байсан юм билээ. Охиноо зовоохгүйн тулд бид аяыг нь хардаг байв. Ашгүй салах нь гэтэл ийм юм болчихлоо. Үнэхээр харамсалтай байна. Охиныг минь алсан алуурчин ажил хийдэггүй. Аав ээж дээрээ орж хоол идчихээд, миний охиныг дарамталдаг байсан" юм.
Талийгаачийн аав "Хүүгийнхээ төрсөн өдрийн өмнө эхнэрээ ална гэж юу гэсэн үг вэ? Хадмуудаа хөдөө явсан хойгуур нь алж байгаа нь санаатайгаар зохион байгуулж хийсэн гэж үзэж байна. Шүүх хурал дээр "Эхнэртээ хайртай байсан" гэж мэдүүлж байна. Энэ бол жүжиг. Ялын дээд хэмжээ авч өгөөсэй л гэж хүсэж байна гэв.
Шүүх хурлын үеийн мэдүүлгээс хүргэвэл, Хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежүүд нь байна. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна. Гар утасны чатууд нь гэр бүлийн хүчирхийллийг хэдэн жил үйлдэж байсан нь нотолж байгаа" гэлээ.