Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын энэ оны бүртгэл эхэлснийг Боловсролын үнэлгээний газраас мэдээлэв. Бүртгэлийг өчигдөр 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 15-ны 18.00 цагт дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, 2026 оны монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагч өөрийн сурч буй сургуулийн сургалтын цахим системд хандаж бүртгүүлэх юм. Тодруулбал, Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтэрч, бүртгэл цэсийг сонгон регистрийн дугаар, хувийн мэдээлэл зэргийг бөглөөд, бүртгэлийн дугаар, нууц үгээ авах аж. Үүний дараа монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэх, эсэхээ сонгоно (өмнө нь эл шалгалтад орж тэнцсэн суралцагчдад хамаатай), үүний дараа хоёр ба түүнээс дээш хэдэн ч хичээлээр элсэлтийн шалгалт өгөх боломжтой юм. Эцэст нь бүртгэлийн хуудсаа авсны дараа, төлбөрөө онлайнаар төлөх юм байна.
Харин өмнөх оны шалгуулагчдын бүртгэлийг маргаашаас эхлүүлэх гэнэ. Дээрх шалгалтад энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцоход нээлттэй. Жил бүр 40 орчим мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгдөг бөгөөд 35 мянга орчим нь 12 дугаар анги төгсөгчид байдаг. Ташрамд, элсэлтийн шалгалтдаа бэлдэж буй хүүхдүүдэд зориулан хураангуй блюпринт хичээл тус бүрийг Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудсанд байршуулжээ.
Ч.Болор