Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 21-23-нд зохион байгууллаа. Налайх дүүргийн нутаг, Тайж хайрхныбэлд болсон тав дахь удаагийн энэхүү арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагч нар оролцож, соёлын биет бус өвийг олон улсад сурталчилсан төдийгүй буриад сур, өсвөрийн шагайн, морьт харваа, үндэсний, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулах, ташуур шүүрэх, “Морьтой монголжин”, модон бөмбөг зэрэг сонирхолтой тэмцээн, уралдаан зохион байгуулсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх фестивалийг нээж “Энэ наадам бол соёлын биет бус өвийн шавхагдашгүй, давтагдашгүй сан хөмрөг, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх монгол түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг өвлөн тээж үлдсэн цөөн орны нэгийн хувьд дэлхийн нүүдэлчдийн оюун санааны төв байж, өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд манлайлан оролцох учиртай” гэв.
Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах, түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд энэ фествалийн зорилго чиглэж буй. Мөн өвлөн уламжлагчдыг тодруулах, тэдний авьяас чадварыг дэмжих, залуу үед өв соёлыг өвлүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэ үеэр Монголынмастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”- ийн дээд амжилтад “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болов. Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1000 тогооч нэгэн зэрэг 1000 тогоонд хийснээрээ Гиннесийн дээд амжилтын нэг болжээ.
Ч.Болор