Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргал, тус холбооны салбар болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (ЭХГУУҮЭХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Бат-Ирээдүй, тус салбар холбооны дарга Д.Долгор, “ДЦС-4” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик, газарзүйн салбарын эрхлэгч С.Нарангэрэл, Диспетчерийн үндэсний төвийн ахлах инженер Д.Нацагдорж, “Шивээ-Овоо” ХК-ийн хяналтын ахлах мэргэжилтэн Д.Одгэрэл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга асан Ч.Өнөрцэцэг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл нарт холбогдох хэргийг дахин шалгуулахаар боллоо.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн болон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Мөнхжаргалыг Монголд байгаа, эсэхийг тодруулан байцаалт авах, “Тоёота хайландер” загварын автомашины үнэлгээг дахин хийлгэх, хэрэгт холбогдогчдод гардуулсан яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангуулж бичүүлэх зэрэг үндэслэлээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн аж.
Дээр нэр дурдсан хүмүүсийг эрх мэдлээ урвуулан татвар төлөгчдийнхөө мөнгийг үргүй зарцуулж, бусдад давуу байдал бий болгосон, 2022 онд тушаал гаргаж, нэр бүхий хүмүүст удаа дараа олон сая төгрөгийн урамшуулал олгосон. Байгууллагынхаа өмчлөлд бүртгэлтэй “Тоёота хайландер” загварын автомашиныг 12.9 сая төгрөгөөр гэр бүлийнхээ хүний өмчлөлд шилжүүлсэн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Дээрх хүмүүст Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.