Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай “PATA face of the future” олон улсын уралдаанд манай улсаас нэр дэвшин оролцсон Г.Уянга “Тогтвортой байдлын шилдэг санаачилга” ангилалд ялагчаар тодорч, тус шагналыг Монголоос анх удаа хүртжээ. Энэхүү уралдаан нь бүс нутгийн аялал жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлох залуу мэргэжилтнүүдийн манлайлал, шилдэг, шинэлэг санаачилга, бодит хувь нэмрийг үнэлдэг олон улсын нэр хүндтэй, зэрэглэл өндөртэй шалгаруулалтыг жил бүр явуулдгаараа онцлогтой.
Г.Уянгыг Монголын аялал жуулчлалын холбооноос нэр дэвшүүлсэн бөгөөд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нүүдлийн соёлын өвийг хамгаалах үйлсэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй манай улсын залуу мэргэжилтэн хэмээн түүнийг тодотгожээ.
Тэрбээр Монголын байгаль, нүүдэлчин ахуй, өв соёлыг сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг, гадаад, дотоодын жуулчдад зориулж өндөр зэрэглэлийн болон тусгай сонирхлын аялал зохион байгуулдаг “Wild Mongolia” компанийг үүсгэн байгуулагчдын нэг аж. Тус компани сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдэд түшиглэн уламжлалт мэдлэг, монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дагнан ажиллах болсон нь олон улсад ийн үнэлэгджээ. Ташрамд дурдахад, Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбооны 2026 оны уралдааны шилдгийн шилдэг мэргэжилтнээр Бутан улсын оролцогч тодорсон бол бусад дөрвөн ангилалд монгол, тайланд, орос, малайз залуус шалгарсан байна.