Монгол орны газар нутгийн 21 хувьд цасан бүрхүүл тогтсоныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандалт судалгааны хэлтсээс мэдээлэв. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг баруун бүсийн аймагт цастай байна. Тухайлбал, станц харуулын өчигдрийн мэдээгээр Увс аймгийн Малчинд 17, Өндөрхангайд 11, Хөвсгөлийн Улаан-Уулд 14, Жаргалантад 13, Арбулагт 11, Рашаантад 10, Завханы Түдэвтэй болон Баян- Өлгийн Сагсайд тус бүр есөн см цасан бүрхүүл тогтжээ.
Мөн өчигдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Архангайн зүүн хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20, түр зууртаа 24 метр хүрч ширүүссэн байна. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумын нутгаар найман мм хүртэл цас орж, шуурчээ. Нойтон цасны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим газарт халтиргаа гулгаа үүсжээ. Түүнчлэн Увсын Тариаланд энэ сарын 15-нд 07.00 цагт малдаа явсан 26 настай А гэх эмэгтэйг долоо дахь өдрөө эрэн хайж буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн юм. Тус сумд ихээхэн хэмжээний цас орж, шуурсны улмаас гуу жалгатай газарт 60-70 см гүн хунгар үүссэн гэнэ. Онцгой байдлын байгууллагын 50 орчим алба хаагч, таван техник, хэрэгсэл, гурван дрон, нэг эрэлч нохойны тусламжтайгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
Харин өчигдөр Улаанбаатар хотод цас орж, авто замд халтиргаа гулгаа үүссэн юм. Ирэх даваа гарагт мөн цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Ч.Болор