Байгалийн ургамлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын зүйлийн жагсаалтыг шинэчлэхээр болсон. Үүний хүрээнд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр гуурст ургамал, мөөг, хаг, замаг, хөвдийн нэн ховор, ховор зүйлийн жагсаалтын төслүүдийг танилцуулж, зүйл тус бүрийн хамгааллын зэрэглэл, тархац, нөөцийн талаарх мэдээллийг нягталсан юм. Мөн үнэлгээний үр дүнг баталгаажуулах, шаардлагатай мэдээллийг тодруулах, жагсаалтын төслийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцжээ.
Урьдчилсан байдлаар шинэчилсэн жагсаалтын төсөлд 327 зүйлийг нэн ховор, 580 зүйлийг ховор ангилалд хамруулахаар тусгаад байна. Одоогоор манай улс 133 зүйлийг нэн ховор, 356 зүйлийг ховорт тооцдог. Харин жагсаалтыг шинэчилснээр Монгол орны нэн ховор, ховор ургамлын тоог нэмж буй юм. Нэн ховор, ховор зүйлийн жагсаалтыг шинэчлэх нь биологийн олон янз байдлыг хамгаалах, ховордсон шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, зохистой ашиглалтын бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг хуралд оролцогчид онцолсон. Ташрамд дуулгахад, энэ нь 1995 оноос хойш нэн ховор, ховор зүйлийн жагсаалтад хийж буй анхны томоохон шинэчлэл аж.
Ч.Туяа