Гиннесийн дээд амжилт тогтоох тэмцээнд дэлхийд алдартай, олон улсын “Нарны цирк”-ийн жүжигчид оролцжээ. Тэднээс С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгаруулалтын дагуу хамгийн олон буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг нь тооцож, Гиннесийн дээд амжилтаар бүртгэсэн байна. Өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг аж. Тэрбээр зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэж, тус циркт 20 гаруй жил ажиллаж буй. Тэгвэл түүнтэй хамт ажилладаг акробатчин Люси гар дээрээ хойшоо үсрэх үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэснээрээ мөн Гиннесийн дээд амжилтыг шинэчилжээ. Гиннесийн дээд амжилтын шүүгч Меган Брюс “Би “Нарны цирк”-ийн жүжигчдийг сайн гэдгийг мэднэ. Гэхдээ эдгээр амжилтыг биечлэн болон ойроос харах нь огт өөр байлаа. С.Оюун-Эрдэнийн уян хатан байдал, ур чадвар намайг гайхшируулсан” хэмээн өгүүлжээ.
С.Оюун-Эрдэнэ өдгөө Лондоны алдарт “Рояль Алберт холл” театрт өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нээс эхэлсэн шоунд оролцож буй гэнэ. “Alegria-in a new light” нэртэй эл шоу ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа