Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлт болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох, эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 08 тоот дүгнэлтийн “Нэгтгэн дүгнэх” хэсэгт “Энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд УИХ энэ талаар хүлээн зөвшөөрөх, эсэх шийдвэр гаргахгүй” гэснийг танилцуулсан юм. Цэцийн дүгнэлтэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нэгдсэн чуулганыг удирдахдаа Үндсэн хуулийн 1.2, 43.1 дэх заалтыг зөрчсөнийг тогтоосон. Тиймээс түүнийг зөвхөн дэд даргаас огцруулаад зогсохгүй УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой гэж зарим нь үзэж буй. Харин Ерөнхий сайдыг хууль зөрчин огцруулах үйлсэд оролцсон “багийнхан” нь “Эгүүлэн татах үндэслэл байхгүй” хэмээн маргасаар буй. Тиймээс мэргэжлийн байнгын хорооноос уг дүгнэлтэд дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх хууль, эрх зүйн “чиг тогтоох”-ыг эрмэлзжээ.
П.Сайнзориг “Х.Булгантуяа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баримталж ажилласан. Уг хуультай холбоотой маргаан Цэц дээр байгаагүй. Тиймээс ийм маргаан байгаа, эсэхийг дүгнүүлээд, үүний дараа дэд даргын асуудлыг ярих ёстой байсан” гэв. Дүгнэлт тойрсон эрх зүйн маргаан байсан бол хуулийн дагуу долоо хоногийн дотор ярих байсан. Гэтэл хугацаа өнгөрсний дараа ярьж байна хэмээн Д.Ганбат гишүүн сануулав. Тэрбээр “Эхний өдөр буюу аравдугаар сарын 16-нд ирц бүрдээгүй. Үндсэн хууль зөрчсөн хуралдаан болох гэж буй учраас би суугаагүй. Хууль зөрчиж болохгүй гэж анхааруулаад байхад л алх нүдээд байсан биз дээ. Х.Булгантуяадаа биш, Үндсэн хууль үйлчлэхээ больж буй нь хулгай луйвар гаарсны чинь гор шүү. Нүүрсний хулгайч нар толгой дээр гараад суучихсан. Тэдний хань хамсаатан нь нэг талдаа гарчихсан. Арван жил эрх барьсан МАН-ын ялзрал ингэж ил гарч байна” гэлээ. О.Номинчимэг “Цэцээс хоёр асуудлаар дүгнэлт гаргасан. Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шууд хэлэлцэх хууль зүйн боломжгүй. 38 хуудас дүгнэлтийн 17 дугаар хуудсанд Цэцийн хурал болдог өглөө Засгийн газрын талаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэжээ. Ингэхдээ “Х.Булгантуяа өргөсөн тангаргаасаа няцсан” гэдэг нэмэлт шаардлага тавьсан. Үүнийг нь Цэц хэлэлцээд “Тийм үндэслэл тогтоогдохгүй байна, хурал даргалагчийн хувиар саналын буруу томьёолол уншиж, Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэр гаргасан” гэв.
Үнэндээ Хууль зүйн байнгын хороо тодорхой “чиглэл” өгч чадсангүй, хэсэг “бөөрөнхийлсний” эцэст “УИХ-ын дэд даргыг огцруулах, томилох асуудлаа оруулж ир” гэсхийгээд хуралдаан дууслаа.
С.Уул