АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийлээ. Бүлгээс УИХ-ын, Төрийн албаны, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүд боловсруулахаар тус тусын ажлын хэсэг байгуулсан аж. Мөн УИХ-ын тухай хуульд парламентын спикер нь аль нэг намын дарга байж болохгүй, дарга болбол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэ¬сэн хоёр гол өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулах гэж буй юм байна. Энэ талаар Х.Тэмүүжин гишүүн “Сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн улс төрөөс та бүхэн харсан байх. МАНын даргын сонгууль улс төрийн эрүүл өрсөлдөөн гэхээс илүү албан тушаалын “зодоон” болж хувирсан. Үүнд хамгийн их хохирсон институц нь УИХ байлаа. Ийм үйл явдал ганцхан манайд биш, олон улсад ч тохиолдсон. Тиймээс парламентын засаглалтай орнууд алдаанаасаа сургамж авч, УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажилладаггүй, мөн дарга хийвэл намаасаа түдгэлздэг жишиг тогтоосон юм. Улсын бүрэн эрхт байдлыг парламент илэрхийлдэг. Парламентын спикер бол эрүүл мэтгэлцээн өрнүүлэх замаар бодлого гаргадаг, ардчилсан зарчмыг хөгжүүлдэг, төв байр сууринаас ханддаг албан тушаал. Тиймээс олон улсын жишгээ дагая гэж байгаа юм” гэлээ. Яагаад заавал МАН-ын Их хурлын дараа шинэ дарга нь УИХын дарга болох нь гэсэн мэдээлэл гарч буй үед ийм хуулийн төсөл санаачлав хэмээн сэтгүүлч асуухад тэрбээр “Бид МАН-ын даргын сонгууль эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнд оролцохоо мэдэгдсэн үеэс л уг асуудлыг хөндсөн. Би хувиараа ч эл байр сууриа зөндөө илэр¬хийлдэг байсан. МАН-ын Их хурал болсон, эсэхээс үл хамааран парламент орших ёстой. МАН-ын зарим гишүүн ч УИХ-ын дарга намын дарга болсноор парламентын үйл ажиллагаа доголдож, савлах нь гэдэг байр сууриа илэрхийлсэн” гэв. Мөн тэрбээр “Үндсэн хуулийн 37.1-т “Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг. Гэтэл түүний бүрэн эрхийг түр орлох УИХ-ын дарга нь аль нэг намын дарга, харьяалалтай хүн байх нь зохисгүй. Тэгэхээр бидний яриад буй санааг Үндсэн хуульд ч тусгасан гэж ойлгож болно” гэлээ. Парламентын спикер бол хурал удирдах л үүрэгтэй болохоос ямар нэг давуу эрх эдэлдэг хүн биш, манайд “дарга” хэмээх социализмын үеийн буруу тодорхойлолт хэрэглэдэг гэдгийг ч тэд онцлов.
Мөн АН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн худал мэдээлэл тараахтай холбоотой зүйл, заалтаас “хуулийн этгээд” гэдэг хэсгийг хасах төсөл боловсруулжээ. Үүнээс гадна “нийгэмд аюултай” гэдэг үгийг хуулиас хасаж, оронд нь олон нийтэд гэдэг үгээр орлуулж буй аж. Хуулийн этгээд нэрийн дор төрийн, хууль хүчний байгууллагууд сэтгүүлчдийг шүүхэд өгөх, хянаж, шалгах явдал гарч буй. Уг хууль төрийн байгууллагын биш, иргэний эрхийг хамгаалахад чиглэсэн гэлээ.
С.Уул