УИХ-ын намрын чуулган нийт 36 удаа хуралджээ. Уг чуулганы ирцийн нэгтгэсэн мэдээг Тамгын газраас хараахан танилцуулаагүй байна. Гэхдээ бид шүүж үзэв. Уг чуулган есдүгээр сарын 15-нд нээсэн юм. Мөн уг сард долоо, аравдугаар сард зургаа, дараагийн сард нь 12, оны сүүлчийн сард 11 удаа нэгдсэн чуулган хуралдсан юм. Үүнд гишүүд хэрхэн оролцсоныг сонирхуулъя.
Есдүгээр сарын турш Ж.Ганбаатар гишүүн эрүүл мэндийн чөлөөтэй байжээ. Мөн С.Цэнгүүн гишүүнийг зүгээр ч нэг “Олон удаа томилолтоор явсан” хэмээн шүүмжлээгүй аж. Тэрбээр намрын чуулган нээсэн өдөр л үзэгдэж, бусад зургаан чуулганы үеэр гадаадад байв. Гадаад томилолтын тоогоороо Л.Мөнхбаатар, Д.Батлут, М.Энхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Батцэцэг нар С.Цэнгүүний араас орж буй юм. Гадаад харилцааны сайдтай барьцах хэрэг мэдээж үгүй. Аравдугаар сарын ирцийн нэгдсэн мэдээг Тамгын газраас гаргасан. Үүнээс харахад Б.Мөнхсоёл гишүүн хамгийн олон буюу гурван удаа гадаад явсан байна. Ж.Алдаржавхлан, Ч.Анар, Л.Гантөмөр, Б.Тулга, Х.Булгантуяа нар зургаан хуралдааны гуравт нь эрүүл мэндийн шалтгаанаар суусангүй. Гэхдээ энэ сард Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах хуралдааныг Х.Булгантуяа гишүүн хоёр өдөр дараалан удирдаж, ирцийг хүчээр бүрдүүлснийг уншигчид санаж буй байх. М.Нарантуяа-Нара гишүүн дөнгөж төрсөн ч аравдугаар сарын 16-ны үдээс өмнөх хуралдаанд ирж, ирцээ бүртгүүлчхээд явсан байдаг. Өвдсөн, төрсөн хүмүүс “эдгээр өдөр” л идэвх гарган ирсэн нь анхаарал татна. Харин тодорхой шалтгаан хэлэлгүй дөрвөн удаа тасалсан гишүүн бол өнөөх л Х.Баттулга. Ээж нь түүнд сануулж хэлээд ч нэмэр байсангүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний “шийрийг хатаах”аар оролдсон нь гурван удаагийн тас тэмдгээс харагдана.
УИХ-ын даргын албан тушаалаас аргагүйн эрхэд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Амарбаясгалан гишүүн үүний дараах хоёр сарын турш чуулганд суусангүй, 100 хувь чөлөө авчээ. Засгийн газрынхаа эсрэг санал өгөөд, албан тушаалаасаа “хөөгдсөн” Шадар сайд асан С.Амарсайхан ч арваннэгдүгээр сарын 12 хуралдаанаас 10-д нь чөлөө хүссэн байх юм. Дараагийн сард нь тэрбээр чуулганд хоёр удаа суусныг эс тооцвол байнга л чөлөө авчээ. Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэндээ “бантсан” Х.Булгантуяа ч 11 өдрийн чөлөө авсан байна. Энэ гишүүн дараагийн сард нь эрүүл мэндийн чөлөө аваад ажилдаа ирсэнгүй. Улс төрийн ажиллагаа нь бүтэлгүйтсэн хүмүүс ингэж ноцтой “бантдаг” байх нь. Саналаа өгч, ажлаа бүтээсэн М.Нарантуяа-Нара гишүүн арваннэгдүгээр сараас хойш амаржсаны чөлөөгөө эдэлж буй. Тэдний араас Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр зургаа, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан таван удаа чөлөө авч “жагссан” юм.
Арванхоёрдугаар сард гишүүдийн дунд томилолтын “хур” буусан мэт л байлаа. Төрийн тэргүүн Итали болон Гэгээн Ширээт Улсад айлчлал хийхэд 11 гишүүн дагалдсан. Үүнээс гадна УИХын болон намын ажлаар мөн 10 гаруй гишүүн хилийн чанадыг зорьсон. Тиймээс ажлын хэсэг, байнгын хороодын ирц бүрдэхгүй сандаргасан нь бий. Энэ “үзэгдэл” арванхоёрдугаар сарын 20ноос хойш чөлөө, эмнэлгийн чөлөө болон өөрч лөгдсөн нь бас л сонирхол татна. Сарын сүүлч дөхөхөөр гишүүдийн ажлын идэвх эрс буурч, чөлөө авмаар, “өвдмөөр” болдог бололтой. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 19-ний чуулганы хуралдаанд Ч.Анар, Т.Мөнхсайхан тэргүүтэн чөлөө авсан бол Д.Батлут, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарын есөн хүн өвдсөн байжээ. Чөлөө авах, өвдөх хүмүүсийн тоо нэмэгдсээр 30, 31-нд 29 болсон байна.
С.Уул