Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ийнхүү мэдэгджээ. Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас аудит хийлгэж, шалгуулах юм байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өчигдөр салбарын сайдыг хүлээн авч уулзсан аж. Тус байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд хамаарах салбарын сайдуудтай цуврал уулзалт хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцаж буй гэнэ.
Энэ үеэр улсын тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн орд ашиглах, цаашлаад баяжуулах үйлдвэр барьж буй нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж буйг байнгын хорооны дарга онцолсон байна. Мөн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар байгаль орчны салбарын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчин болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, усны нөөц, бохирдол, ашиглалтын байдал, ан агнуурын бодлого, геологи, уул уурхайн эрэл хайгуулд тавьж буй хяналтын явц, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар тус байнгын хорооноос мэдээлэл сонсох гэнэ. Тиймээс энэ талаар бэлтгэл хангахыг хүссэн байна.
С.Одонтуяа сайд байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлснээ дуулгажээ.