
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал
...Нартай, сартай, бороотой, шороотойд туулж явсан ах, эгч, анд нөхөд минь нүдэнд харагдана. Яачихсан хорвоо гэхээрээ ийм муухай зүйлийг үзэж сонсдог байна аа. Монголын сэтгүүл зүйн туулж өнгөрүүлсэн зам мөр тод, яруу байсан юм. Үзэж тарж, үсэрч наалдаж явсан зоригтнууд энэ салбарт ажил амьдралаа зориулж билээ.
Гэтэл халтар мөнгөнөөс хар нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хэдэн алцгар охин, сэтгүүлч сэтэртэй албингууд зуун дамнасан алдрын мөртэй салбарыг минь муухай гутааж орхив. Монголын сэтгүүл зүйн армиас төрсөн эх орны зоригт охид, хөвгүүд, шилдэг сэхээтнүүд энэ салбарын туг сүлд нь байв. Лодонгийн Түдэв, Базарын Цэдэндамба, Хорлоогийн Цэвлээ, Цэрэндоржийн Балдорж зэрэг зуу зуун шилдэг хүмүүн энэ салбарын алтан зам мөрийг татсан.
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр нэгэнт болоод өнгөрсөн явдлын араас мянга халаглаж хашхираад яах билээ. Энэ салбарт цэвэрлэгээ хэрэгтэй болжээ. Шударга бүсгүй хариад Г.Уянгаа ингэж дуугараагүй бол бид бахь байдгаараа л байна. Хайран сайхан сэтгүүл зүйгээ бохир улс төрчдөөс яаж салгах вэ. Мөнгөнд дургүй хүн гэж үгүй. Гэвч энэ хорвоод мөнгөнд шунаж болохгүй ажил мэргэжил гэж бий. Нэгдүгээрт, тангарагтаа үнэнч эмч, хоёрдугаарт, ариун сэтгэлтэй сэтгүүлч биш үү.
Ядуу амьдрал хүнийг гэмт хэрэг рүү түлхдэг. Гэвч хөрөнгө мөнгөнд шунах сэтгэлээ хазаарлан барьж чадаагүй, ариун сайхан үйлст бие, сэтгэл, оюун, мэдлэгээ зориулах ажил олоогүй хүмүүс хар мөртэй замд оржээ. Хэнд ч мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгө олох арга замаараа ялгагдах ёстой. Ариун сайхан хөдөлмөрөөр олсон мөнгө аз жаргалд хэзээ ч багаддаггүй юм. Одоо яаж боловсорч сэхээрсэн, хүмүүжилтэй, ёс зүйтэй залуусыг олж сэтгүүлчээр ажиллуулах вэ. Орлого, мөнгийг шүтсэн хувийн их, дээд сургуулиуд өнгөрсөн жилүүдэд ямар олон хүүхдийг эрдэм ном заах нэрээр зэрэмдэглэж орхив. Тэд юу заасан юм бэ.
Ёс зүйгүй, чадвар муутнуудыг бохир улс төрчид ямар чадамгай шүүрч аваад, гутал хөлийнхөө алчуур хийж, архирдаг нохой болгон сургаа вэ. Тэрбумтан болгов. Сэтгүүлч хүний хамгийн эрхэм чанар бол толь мэт ариун тунгалаг ёс зүй, ёс суртахуунтай байж ажил үүргээ гүйцэтгэх билээ. Ёс суртахуун үүлгүй тэнгэр шиг тунгалаг байх учиртай.
Дүрээ, зүсээ хувиргаж, мөн чанараа нууж чадсан сэтгүүлч нэртэй бэрдүүд үзэг, микрофон барьж, уран худлаа ярьж нийгмийн шүтээн болов. Олон хүний толгойг эргүүлэв. Товчхондоо их муу жишээ үзүүлсэн. Маш их мөнгө, тендер, төсөл авсан атлаа олигтой үр бүтээл гаргаагүй сэтгүүлчид болон мэдээллийн байгууллагуудыг үтэр түргэн шалгая. Олигтой бүтээл гаргах чадамжгүй юм бол сэтгүүл зүйн “фронт”-оос яаж зайлуулах вэ. Тэд нийгмийг хордуулсаар явна.
Зан суртахуунаар эвдэрсэн сэтгүүлчидтэй хэрэлдэж, зууралдаж сууснаас одоо суралцаж байгаа залуус руу анхаарлаа төвлөрүүлье. Тэд бидний ирээдүй. Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанарт онцгой анхааръя. Зөв хүн болж төлөвших явцад нь анхаарах хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн редакцууд аа, нийтлэлийн бодлого, ур чадвартаа анхаар, бүр онцгой анхаар.
Хэвлэл мэдээлэл, худалдаа, уул уурхайн салбарт ажиллахад өөр өөр жишиг цалинтай. Хамгийн муу нь сэтгүүлч, уран бүтээлчдийн цалин. Тэдний цалингийн тогтолцоо, системийг сайн бодохгүй бол муу хүмүүс, муу улс төрчдөд олзлогдож, нийгмийн тархи угаагч болсоор л байна. Ийм хэтэрхий ялгаатай цалин, орлогын байдлаас болж сэтгүүлчид ядуурч, улмаар мөнгөтэй газар, муу улс төрчид рүү ялаа адил хошуурсан аялдан дагагч, бөгс долоогч болов. Сэтгүүлч, багш, эмч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн нийгмийг цогцлоожээ. Одоо цаашид яах вэ.