
2026 оны ДАШТ-ийфиналд Испанийн багт хожигдсоноор агуу Л.Мессигийн дэлхийн аваргын тавцан дахь аялал бүрмөсөн өндөрлөсөн байх өндөр магадлалтай. Өдгөө 39 настай аргентин тоглогч уг тэмцээнд гайхалтай тоглосон, дахин хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тухайлбал, тэрбээр олон жилийн турш босоо байсан М.Клозегийн амжилтыг эвдэж, ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогчийн амжилтыг хэсэг хугацаанд эзэмшээд, эцэст нь К.Мбаппед алдсан. Гэхдээ нийт тоглолт, ялалт, гоолын дамжуулалтын тоогоор ДАШТ-ий дээд амжилтын эзэн болов. Л.Месси зургаан ДАШТ-д оролцсон үзүүлэлтээр К.Роналду, Г.Очоатай эн зэрэгцдэг. Харин гоолын дамжуулалтаар түүнээс өмнө Д.Марадона илүүрхдэг байлаа. Гоол+гоолын дамжуулалтын тоогоор хэн Леог гүйцэх вэ? Одоогоор К.Мбаппегээс өөр тоглогч алга. Өдгөө 27 настай франц тоглогч 22 тоглолтод 22 гоол оруулаад буй. Тэрбээр дахин хоёр ДАШТ-д оролцож байж Л.Мессигийн амжилтад хүрэх боломжтой. Харин алс ирээдүйд Л.Ямальд боломж бий. 19 настай залуу испани тоглогч ДАШТ-ий найман тоглолтод оролцоод буй. Гэхдээ ердөө ганц гоолтой явж байгааг сануулъя. Эцэст өгүүлэхэд, Аргентины шигшээ 2030 оны ДАШТ-д оролцох нь тодорхой болсон. ДАШТ-ий 100 жилийн ойн хүрээнд тус улс нэг тоглолт хүлээж авах агаад тэрхүү цаг мөчид Л.Месси 43 настай байх болно. Эх орондоо болох ДАШТ-д тоглох хүсэл түүнд байгаа, эсэхийг хэлэхэд дэндүү эрт байна.