Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- ийн эмч нар цээжний хөндийн гэмтлийн мэс заслыг орон нутагт нэвтрүүлснээ мэдээллээ. Тодруулбал, тус төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг 21 аймагт үе шаттай нутагшуулж дуусжээ. Тэд орон нутгийн эмнэлгүүдийн эмч нарыг мэргэшүүлэх, хамтарсан хагалгаа хийх зэргээр уг ажлаа сүүлийн найман жилийн турш хэрэгжүүлсэн байна. Тэд алсын дуудлагаар хөдөө, орон нутагт яаралтай тусламж үзүүлэх явцдаа орон нутгийнхныг ажлын байран дээр нь сурган дадлагажуулах замаар үзлэг, оношлогоо, мэс заслын арга туршлагатай болгожээ.
Эдгээр ажлын үр дүнд 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийнхөн цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг бие даан хийдэг болсон аж. Ингэснээр осол гэмтийн үед иргэд Улаанбаатар хот зорьж, цаг алдахгүй, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг орон нутагтаа авдаг болсон гэнэ. Үүний ачаар ГССҮТ-ийн ачаалал ч тодорхой хэмжээнд буурчээ. Тус төвийнхөн хамгийн сүүлд Завхан аймагт алсын дуудлагаар ажиллахдаа дээрх оноштой өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, буцахдаа Өвөрхангайн Нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн хавсарсан гэмтлийн хүнд зэргийн оноштой иргэнд тусламж үзүүлжээ.
О.Оргилох