
Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. COP17 болох бүсчлэл дэх нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэхээр болов. Харин их, дээд сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирлуудад хүргүүлжээ. Өнгөрсөн хавар баталсан “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээний хүрээнд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, ачаалал ихтэй сургуулиудын бүтцийг задалж, хотхон, хорооллыг түшиглэсэн бага сургууль байгуулах бодлого баримталж буйг мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлж, есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа шинээр эхлүүлэх хотхоны бага, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нарт Ерөнхий сайд даалгалаа. Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулах, хувийн сургуулиудын сул суудлыг ашиглах, сургалтын зориулалтаар байр түрээслэх замаар ирэх хичээлийн жилд 26.9 мянган сурагчийг хотхоны бага сургуульд хамруулахаар тооцсон байна. Тэрчлэн 2026-2027 онд цэцэрлэгийн насны 53 598, ерөнхий боловсролын сургуулийн I, VI, X ангийн 270 689 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Үүнийг ирэх аравдугаар сарын 1-нээс үндэсний хэмжээнд эхлүүлж, хоёр үе шаттай зохион байгуулах нь.