Дэлхий дахинаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс орнууд мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар эрт сэрэмжлүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар 117 станцын хэмжилтэд үндэслэн томоохон голуудын усны түвшний өөрчлөлтийг www.weather. gov.mn/river сайтаар олон нийтэд мэдээлж эхэлжээ. Түүнчлэн “И-Монголиа” аппликэйшнээр дамжуулан үертэй голуудын мэдээллийг хүргэж эхэлсэн байна. Цаг уурын байгууллагын дээрх сайтад нэвтэрснээр Монгол орны гол, мөрнүүдийн усны түвшний өөрчлөлтийг өдөр өдрөөр харьцуулан харах боломжтой гэнэ. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Голуудын усны түвшний үзүүлэлтийг нээлттэй болгож, цаг тутам мэдээлснээр иргэд болзошгүй аюул эрсдэлээс өөрсдийгөө хамгаална. Мөн оновчтой бодлого, шийдвэр гаргах, гамшгаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Н.Мишээл