Перугийн Ерөнхийлөгч агсны охин Кейко Фүхимори сонгуульд оролцож тус улсын Төрийн тэргүүн боллоо. Энэ эмэгтэй 2011, 2016, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан оролцсон ч ялагдал хүлээсэн байдаг. Харин өнгөрсөн сарын 7-нд хоёр дахь шатны санал хураалтын дүнг тоолоход “Ардын хүч” намаас нэрээ дэвшүүлсэн Кейко 50.14 хувийн дэмжлэг хүлээсэн байв. Өрсөлдөгч нь 49.86 хувийн санал авч, зөрүү нь 49.6 мянган санал болов. Кейко Фүхимори энэ сарын 28-нд Перу улсын ес дэх Ерөнхийлөгчийн ажилдаа орж, таван жил уг албыг хашна.
Санал хураалтын дүн Перугийн нийгэмд хагарал үргэлжилж буйг харуулж, цаашид ч гүнзгийрэх магадлалтай гэж “Bloomberg”-д тэмдэглэсэн байна. Түүнчлэн Кейко Фүхимори тогтвортой байдлын үеийг эхлүүлж болох аж. Түүнээс гадна гэмт хэрэгтэй хатуу тэмцэх улс төрч байж болох юм гэх найдварыг аюулгүй байдлынхаа төлөө санаа зовж буй перу хүмүүст төрүүлж байгаа аж. Ялалт нь баталгаажсаны дараа хэлсэн үгэндээ Кейко Фүхимори өөрийн танхимд бие даасан шинжээчдийг оруулахын зэрэгцээ удирдлагын нөөц чадварыг сэргээж, эдийн засгийн өсөлт, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд анхаарахаа амласан байна. Дөрөв дэх удаагаа сонгуульд оролцож байж олсон түүний ялалт тус улсын эрх мэдэлд ихээхэн зөрчилтэй улс төрийн удмыг эргүүлж авчирлаа. Энэ нь Перугийн ирээдүйн хөгжлийн зам мөрийг тодорхойлоод зогсохгүй улс төрийн тогтворгүй байдлын он жилүүдийг тэсэж тэвчих түүний чадварыг шалгах болно. Тэрбээр харьцангүй тогтвортой макро эдийн засагтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь гурваас дээш хувь өссөн, инфляц багатай улсыг хүлээж авах нь. Гэхдээ шинэ Ерөнхийлөгчид тулгарах хамгийн айхавтар асуудал нь эдийн засгийн нөөц боломж биш, улс төрийн тогтвортой бус байдал юм. Перуд Ерөнхийлөгч нь байсхийгээд л солигддог, сүүлийн 10 жилд итгэл үзүүлэх, эсэх шалтгаан хийгээд авлигын хэргээс улбаалж найман Ерөнхийлөгч, 21 Ерөнхий сайд халагдаж, солигдоод байгаа.
Кейко Фүхиморийг дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхэд нь дэмжихээр шийдсэн хүмүүс түүнийг энэ удаа сайн бэлтгэсэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадах Засгийн газрын баг бүрдүүлэх таатай боломжтой болсон хэмээн мэдэгдсэн байна. “Хатагтай Кейко Фүхимори Үндсэн хуулийг хүндэтгэж, хуульд заасан хугацаанд улс орноо удирдах үүрэг хүлээж, зах зээлийн эдийн засгийг санал болгож, хувийн хөрөнгө оруулалтыг татна гэж амласан. Одоо хэр нь төлөөгүй улсын өрийг шийдвэрлэх, нийгмийн өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж буй” хэмээн “Ардын эрх чөлөө” намаас сонгуульд нэрээ дэвшүүлж эхний шатанд өрсөлдсөн Рафаэль Бэлаунде мэдэгджээ.
Кейкогийн нам Перугийн улс төрд нөлөө бүхий хүч болоод байгаа нь Конгрессын зүгээс үзүүлэх эсэргүүцлээс зайлсхийхэд нь тус болно. Авлига гээч юм Перу улсад шинэ юм биш, харин энэ явдал эрс өсөж, өргөн хэрэглэх болсноос сүүлийн арван жилд аллагын хэргийн тоо нэмэгдсэн байна. Гэмт хэрэг нэмэгдсэнээс ард олонд ихээхэн хор хохирол учруулж, 2026 онд үйлдвэр нь хаагдах, эсвэл байдал тогтворгүйгээс шалтгаалж хязгаарлагдмал байдалд орно хэмээн хүн амын 45 хувь нь хүлээх болжээ. Авлигын эсрэг хийхээр Кейкогийн боловсруулсан төлөвлөгөө цагдаагийн хамгаалалт болон ажилтнуудыг нь цахим ажиглалт хийх, хүний царай зүс таних систем, мөрдөх, гэмт үйлдлийг таслан зогсоох дрон ашиглах мэт боловсронгуй технологиор хангахад түшиглэх юм байна. Мөн шоронгийн дотор дээрэмчид үйл ажиллагаагаа уялдуулах явдлыг зогсоохын тулд хорих газруудыг цэрэгжүүлэх санааг ч тэрбээр дэвшүүлжээ. Хатагтай Фүхимори бас үнэ нь эрс өсөж буйтай уялдан хууль бусаар алт олборлох үйлдэл ихсэж байгаатай нүүр тулна. Хууль бусаар алт олборлож олох орлого одоо хар тамхи худалдахаас илүү гарах болсон нь гэмт хэргийн сүлжээг улам бүр гааруулж байгаа аж. Алт олборлох газар нутагт хяналтаа тогтоохын төлөөх өрсөлдөөн улам бүр хатуу ширүүн, харгис хэрцгий болж буйг олноор нь алах, захиалгаар залхаан цээрлүүлэх үйлдэл харуулах болжээ. Түүгээр ч барахгүй алтны хууль бус наймаа нь хүн худалдах, уурхайнуудын аюулгүй байдлыг сүйтгэх зэрэг гэмт хэргийн өөр төрөл зүйлийг ч бий болгох болсон байна.
Кэйко Фүхимори 1975 онд Перу улсын нийслэл Лима хотод япон гаралтай хүний гэрт төржээ. Эцэг нь тус улсын Ерөнхийлөгчөөр 1990-2000 онд ажиллаж байсан Альберто Фүхимори. Түүнийг Ерөнхийлөгч байхад Перу улсын эдийн засаг өсөж өндийсөн ч хүний эрхийг зөрчих, авлига хахууль ихээхэн газар авсан байна. Кэйко 1997 онд Бостон (АНУ)-ы их сургууль төгсөж, хожим нь 2008 онд Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1994 онд ээж Сусани Хигүчи нь авлигын хэрэгт нөхрөө орон даяар буруутгаснаас 19 настай оюутан Кейког эцэг нь тэргүүн хатагтай гэж зарлав. Энэ үүргийг хүлээж байхдаа (1994-2000 он) ядуу гэр бүлийн болон зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслах буяны байгууллага удирдаж байв. Америк тивийн түүхэнд хамгийн залуу тэргүүн хатагтай гэгдэж, дэлхийн улсуудын төр засгийн тэргүүн нарын хүрээлэлд байсны ачаар өөртөө итгэлтэй, эрхэмсэг байдлаар биеэ авч явдаг, улс төрийн хурц ухаантай нэгэн болж өссөн аж. Өрсөлдөгчдөө цувуулан унагаж, холбоотнуудаа Засгийн газрын гол албанд томилоход нь эцэгтээ тусалж байжээ. Эцэг Альберто Фүхимори нь хүний эрхийг зөрчиж, ганцаар захирах дэглэмийг удирдаж байсны учир 16 жил шоронд сууж 2014 онд эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхийлөгч Педро Пабло Кучинскийн өршөөлөөр суллагдан, 2024 онд хорвоог орхив. Гэлээ ч эцгийнх нь үлдээсэн хар мөр Фүхимори овогтны эсрэг хөдөлгөөнийг нийгэмд өдөөж, 1990-ээд оны дарангуйллыг мартаагүй сая сая перу хүн эднийхний төлөө санал өгөхөөс татгалзах болсон байна. Тиймээс ч 2011, 2016, 2021 онд гурван ч удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Кейко Фүхиморигийн замд хөндөлссөн аж. Уг нь эдгээр сонгуулийн эхний шатанд Кейко илт илүүрхсэн гэдэг.
026 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Кейко сурталчилгааны ажлаа эцгийн оролцоогүйгээр өрнүүлж, “даагаа нэхэх”-ээр шийджээ. Гэмт хэрэг өсөж, аюулгүй байдал алдагдсан нөхцөлд тэрбээр “Дэг журам” гэсэн уриа дэвшүүлж, “төмөр нударга”-ын стратегийг чадмаг хэрэгжүүлэв. Өнгөрсөн үеийн алдааг хүлээн зөвшөөрч, өөрийгөө эв найрамдлыг эрхэмлэсэн удирдагч байхаа харуулж чаджээ. Перу улсыг 20 гаруй жил өсөж өндийх боломж олгосон зах зээлийн эдийн засгийн загварыг хадгалахын төлөө тэмцэхээ ч илэрхийлсэн.
Кейко Фүхимори эцгийнх нь эсрэг шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байсан 2006 онд Конгрессын сонгуульд оролцож их улс төрд хөл тавив. Уг сонгуульд 602 мянга гаруй хүний санал авсан нь дээд амжилт болж 2006-2011 онд Конгрессын депутатаар ажиллалаа.
2011 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Кейко 2010 онд зарлаж, авсан саналын (23.49 хувь) тоогоор хоёрт орж, дараагийн шатанд нь 48.4 хувийн саналаар хоёрдугаарт оров. 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 39.8 хувийн санал авсан ч хоёрдугаар шатанд нь 49.8 хувийн саналаар бас л хоёрт эрэмбэлэгджээ. Ийнхүү өрсөлдөгч Педро Пабло Кучинскид ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө. Дараачийн сонгууль хүртэлх хугацаанд хоёр ч удаа баривчлагдаж, 36 сар харуул хяналт дор байв.
2021 оны сонгуулийн эхний шатанд ердөө 13.4 хувийн санал авсан ч дараагийн шатанд нь “Эрх чөлөөт Перу” намаас нэр дэвшсэн Педро Кастильотой өрсөлдөх боллоо. Санал хураахын өмнөх долоо хоногт Кастильогийн чансаа огцом өссөн нь ажиглагчдын хувьд тун санамсаргүй явдал байлаа. Үлдсэн хугацаанд нь дунд, дээд ангиллын сонгогчдын дэмжлэг илүүтэй авахын тулд айдас төрүүлэх тактик хэрэглэж, өрсөлдөгчөө Перу улсад коммунист дэглэм тогтоох оролдлого хийж Венесуэлийн Уго Чавес, Николас Мадуро нарын замаар явах нь хэмээн сурталчлав. Гэтэл сонгуулийн эцсийн дүн гарахад Кастильо 50.1, Кейко 49.9 хувийн санал авсан байлаа. Кейко өрсөлдөгчөөсөө 44 мянган санал дутуу авчээ. Эцэг Альберто Фүхимори нь 1989 онд “Өөрчлөлт-90” хэмээх нам байгуулж, 1990 онд Ерөнхийлөгчийн сонгуульд түүнээсээ нэрээ дэвшүүлжээ. Хоёрдугаар шатанд 62.5 хувийн санал авч ялав. Түүний Засгийн газар эдийн засгаа либералчлах зорилгоор өөрчлөлт хийж, гадаадын хөрөнгө татах, инфляцыг бууруулах арга хэмжээ авч, улсын секторын үйлдвэрүүдийг хувьчлав. Энэ бүхэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтвортой болгосон байна. Гэвч түүний хэрэгжүүлсэн эдийн засгийн өөрчлөлтийг эсэргүүцдэг зүүн төвийн намууд парламентад олонх хэвээр. 1992 оны хавар Альберто Фүхимори цэргийнхний дэмжлэгт дулдуйдан эргэлт хийн өөрийн Засгийн газрыг огцруулж, парламентаа тарааж, Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоон арваннэгдүгээр сард сонгууль явуулж нам нь олонх болов. Улмаар маоистууд, марксисленинист хөдөлгөөн зэрэг зүүний радикалуудыг нухчин дарах хатуу бодлого явуулж, үүний тулд “Үхлийн эскадрон”, бөөнөөр хорих лагерууд, үйл ажиллагаагаа хаалттай явуулж, цаазаар авах ял оноодог цэргийн шүүхүүд байгуулж, босогчдыг дэмждэг тосгод, бүс нутгуудад алан хядах үйлдэл хийсэн байна. 1995 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож 64.3 хувийн саналаар ялав. Түүний өрсөлдөгч нь хожим НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Хавьер Перес де Куэльяр байв. Тэр 21.5 хувийн санал авсан. Альберто Фүхимори эхний алхам болгож, хүний эрх зөрчсөн хэмээгдсэн цэргийнхэн болон цагдаагийн ажилтнуудад өршөөл үзүүлсэн. Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдох боломж олгосон хуулийг 1996 онд парламентаар батлуулж дөнгөв.
Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд түүний хэрэгжүүлсэн бодлого инфляцыг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний хөдөлгөөнийг өөрчилж (5.4 хувиар унаж байсныг жил тутам дөрвөн хувиар өсгөж), гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, ажилгүйдлийн түвшнийг доошлуулжээ. 2000 онд Фүхимори гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч депутатуудыг өөрийн намд худалдаж авсан гэх мэдээлэл олон түмний сонорт хүрснээр эсэргүүцэл тэмцэл давалгаалж, Ерөнхийлөгч улс орноосоо зугтан, Японоос улс төрийн орогнол хүсэж, албан тушаалаасаа огцорч буйгаа цахим шуудангаар мэдэгдэв. Гэвч Конгресс нь түүний сайн дураараа огцрох хүсэлтийг тухайн үед хүлээж авалгүй тусдаа шийдвэр гаргаж, 10 жилийн хугацаанд төрийн алба хашихыг нь хориглов. Фүхиморийг буцааж өгөхийг шаардсан ч Токио зөвшөөрсөнгүй. Фүхимори Японд таван жил болоод Чилид очиж баривчлагдан гэрийн хорионд оржээ. 2007 онд Чилийн Дээд шүүх түүнийг Перуд хүлээлгэж өгөв. 2009 онд хүний эрх зөрчсөн буруутай гэж үзэж 25 жил хорих ял оноосон. 2023 оны эцсээр Перугийн Үндсэн хуулийн шүүх Фүхимориг даруй суллах шийдвэр гаргажээ. Тэгэхдээ түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, улсад 15 сая гаруй ам.доллар өгөх ёстой гэж үзэв. Альберто Фүхимори хоёр удаа гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болжээ. Охин Кейко Фүхимори нь одоо 51 настай, 2004 онд АНУ-ын иргэн Марк Вилланеллтэй гэрлэсэн, энэ хүн 2009 онд Перугийн иргэн болсон байна.
Р.Жаргалант