Монгол Улс робот мэс засал нэвтрүүлэх чиглэлд анхаарах болсноор эмчийн ажлыг машин орлох нь гэсэн яриа олны дунд тархсан. Улсын эмнэлгүүд ч ээлж дараалан энэ чиглэлийн хагалгаа, эмчилгээг нутагшуулснаа зарлаж, иргэдийн төсөөллийг бодит болгох нь тэр. Гэхдээ уг нарийн технологийн цаана олонхын яриад буйгаас огт өөр зарчим бийг энэ удаад хөндөхийг зорилоо. Ямар нэгэн механик зүйл шийдвэр гаргаж, өвчтөнд мэс засал хийхгүй нь ойлгомжтой. Энгийнээр хэлэхэд роботыг эмч удирдана. Харин робот эмчийн “гурав дахь гар” болж, өндөр нарийвчлалтайгаар зүслэг, хагалгаа хийж буй л үйл явц юм.
Дэлхийн робот мэс заслын хөгжил ч энэ зарчмаар эхэлжээ. 1985 онд “Puma 560” роботыг компьютерт томографын хяналт дор тархины биопси шинжилгээнд анх ашигласан нь уг машины тусламжтай хийх мэс ажиллаврын суурийг тавьсан гэж үздэг. 1990-ээд онд дурангийн камер хөдөлгөдөг “Aesop”, мэс заслын гар удирддаг “Zeus” зэрэг технологи бий болж, 2000 онд “Da Vinci” системийг ашиглах зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас олгосноор орчин үеийн робот мэс заслын эрин эхэлсэн түүхтэй.
Харин манай улс уг технологийг харьцангуй хоцорч буюу 40 орчим жилийн дараа тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа нь энэ. Үүнээс өмнө дурангийн мэс засалд робот технологи ашигласнаар өдгөө 21 аймгийн Эрүүл мэндийн төвд ийм хагалгаа хийх боломж бүрдээд буй. Харин робот мэс заслыг 2023 оноос гадаадын эмч нарын дэмжлэгтэйгээр хийж ирэв. Тодруулбал, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийнхэн БНСУ-ын CUREXO компанийн “CUVIS-joint” систем ашиглан роботын тусламжтай өвдөгний үе солих мэс засал анх хийсэн билээ. Харин тус эмнэлгийнхэн энэ сарын 9-нөөс эхлэн гэмтэл, согогийн мэс заслыг роботын тусламжтайгаар бие даан хийж эхэлснээ зарласан юм. Энэ талаар АШУҮИСийн ректор, доктор Б.Дамдиндорж “Робот технологийг нутагшуулсан нь Монголын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, тоног төхөөрөмжийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн мэс заслын аргыг эх орондоо бүрэн нэвтрүүлэхэд ихээхэн түлхэц боллоо. Ингэснээр эмчийн ур чадварыг техникийн дэвшилтэй хослуулан гэмтэл, согогийн хагалгааны өмнөх төлөвлөлт, тайрах ясны хэмжээ, хиймэл үений байрлал болон тэнцвэрийг өндөр нарийвчлалтай тооцоолох боломж бүрдсэн” гэв.
ӨНДӨР ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛСАН 70 ДАХЬ ОРОН БОЛОВ
CUVIS-joint нь хагалгааны өмнөх компьютерт томографын оношилгоонд үндэслэн өвдөгний ясны 3D загвар үүсгэж, мэс заслын төлөвлөгөө гарган ясыг нэг мм ч алдахгүй оновчтой тайрдаг дэвшилтэт систем аж. Үүний ачаар өвчтөний эрхтнийг хадгалах, илүү, дутуу тайрахаас сэргийлдэг байна. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн Монголын анхны Робот мэс заслын сургалтын төвийг 2024 онд байгуулжээ. Тухайн үед БНСУ-ын “Meerecompany”-ийн “Revo-I” робот суурилуулсан даруйдаа эмчилгээнд ашиглаагүй. Элэг, цөс, нойр булчирхай, толгой, хүзүү, эмэгтэйчүүд, ерөнхий мэс заслын болон мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, техникч, инженерээ бэлдсэн байна. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбатын хэлснээр долоон эмчээ БНСУ-д нарийн мэргэжлийн сургалтад хамруулж, роботын тусламжтай олон төрлийн амьтанд туршилтаар мэс засал хийлгэж дадлагажуулсан гэнэ. Энэ бүхний эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд анхны робот хагалгаагаа хийсэн нь Монголын мэс заслын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Ингэснээр манай улс энэ төрлийн технологийг нутагшуулсан 70 дахь улс болжээ.
Робот мэс заслын эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтэрсэн, интернэтийн өндөр хурдны тусламжтайгаар зайнаас хийдгээрээ онцлогтой. Дэлхийн анагаах ухаанд хамгийн сүүлд нэвтрүүлсэн гэгддэг энэхүү робот мэс заслыг хийхдээ манай эмч нар дурангийн хагалгааны өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлтэд тулгуурласнаа хэлсэн. Роботоор хийсэн анхны хагалгаа нь цөсний хүүдий авах байсан бөгөөд ХСҮТ-ийн 12, БНСУ-ын хоёр эмч, мэргэжилтэн оролцсон байдаг. Жирийн нэг цөс авах мэс засал ч биш, өвчтөний элэгний артери буруу байрлалтай, С вирусний архаг явцтай халдварын үед уг эмчилгээг хийснийг тухайн үед эмч нар онцолж, амжилттай болсонд нь олзуурхаж байв. Дурангийн багажийн хөдөлгөөн хязгаарлагдмал байдаг бол роботын гар хүний бугуй, хурууны хөдөлгөөнийг хүртэл дуурайлган олон чиглэлд зэрэг хөдөлж чаддагаараа давуу талтай. Тиймдээ ч эмчийн “гурав дахь гар” хэмээдэг аж.
Эмчээс робот юугаараа давуу талтайг иргэд, үйлчлүүлэгчид хамгийн их сонирхдог гэнэ. Эмчээс ухаантай, илүү сайн мэс засал хийх гэхээсээ хүний гараар бүтэх боломжгүй хэд хэдэн аргыг санал болгодгоороо онцлогтой. Тухайлбал, робот дуран хагалгааны хэсгийг өндөр нягтаршилтай, гурван хэмжээсээр харуулдаг. Ингэснээр эд, эрхтний хоорондын гүн, зай, байрлалыг ялгах боломж өгдөг. Мөн энгийн дуран зөвхөн шулуун чиглэлд хязгаарлагдмал орчинд хөдөлдөг байхад роботынх долоон зэрэг чөлөөтэй “зорчдог”-ийг эмч нар хэлсэн. Цаашлаад ямар ч ур чадвартай, мэргэшсэн эмч байсан хүний гар физиологиороо чичирдэг. Харин робот ийм хөдөлгөөн өчүүхэн ч гаргадаггүй бөгөөд 10, 20 цагаар үргэлжлэх хагалгааны явцад ядарна гэж үгүй. Хүний гар хүрэхэд хэцүү анатомийн бүтцэд, ялангуяа аарцаг, судас, мэдрэлтэй ойролцоо хэсэгт хүрэх боломжтой.
Давуу талууд энэ мэт бий ч робот мэс засал болгон амжилттай хийгддэг, сайн гэсэн үг биш гэдгийг олон улсын судалгаанууд нотолдог. Уламжлалт хагалгааны явцад гардаг шиг хүндрэл, нас баралт бүртгэгдэнэ. Тиймээс бид роботтой болохоос илүүтэй хэнд, юунд ашиглах нь чухал аж. Хамгийн сүүлд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын “Meerecompany”-ийн “Revo-I” робот суурилуулж, энэ сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Ингэснээр “Revo-I” ашиглаж буй Монголын хоёр дахь эмнэлэг болсон юм. Тус хоёр эмнэлгийн гол чиглэл ялгаатай л даа. ХСҮТ-ийнхөн роботыг хавдрын мэс заслын хүрээнд, тэр дундаа элэг, цөс, нойр булчирхай болон бусад чиглэлээр хөгжүүлж буй бол УНТЭ-ийнхэн урологи-андрологийн төвдөө түлхүү ашиглахаар төлөвлөснөө мэдээлсэн. Тэр дундаа түрүү булчирхай, бөөр, шээсний замын мэс засалд төвлөрүүлж, эмч, мэргэжилтнүүдээ БНСУ-д сургажээ. Тус эмнэлгийн ерөнхий захирал П.Анхтуяа цаашид роботын тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, өвчтөнд хохирол багатай эмчилгээ хийх, багаж хүрэх боломжгүй эмгэгийг авах, эрхтэн ялгах, нарийн зүслэг, оёдол хийх, эл үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар зорьж буйгаа хэлэв.
ДЭЛХИЙ ДАХИАД Л ШИНЭ ЗАГВАР ЛУУ “УРВАХ” НЬ
ГССҮТ-ийнхөн ч робот мэс заслын технологи нэвтрүүлэхээр Энэтхэгийн “Max hospital”-тай хамтын ажиллагаагаа эхлүүлснээ зарлав. Эмч нарын онцолсноор Монголын мэс заслын эмчилгээний дараагийн сорилт нь роботыг удирдах тогтолцоог бүрдүүлэх явдал гэв. Учир нь 2025-2026 онд болсон олон улсын робот мэс заслын сургалт, эрдэм шинжилгээний хурлуудад VR симуляци, dry болон wet lab, багийн ажиллагаа, видео үнэлгээ, хагалгааны үе шатыг хэсэгчлэн, урьдчилан тогтоосон ур чадварын шалгуурт нийцүүлэн дараагийн шат руу алхах арга замыг заажээ. Өөрөөр хэлбэл, олон улсын зөвлөмжүүдэд эмчийг зөвхөн робот үйлдвэрлэгчийн сургалтад найдахгүй, үндэсний стандарттай хөтөлбөрөөр сургах, өвчтөнд шууд мэс хүргэхээс өмнө технологийн “босго давуулан” чадавхжуулах, анхны хагалгааг туршлагатай зөвлөх, багийн хяналтад хийх, мэс заслын явцыг хөдөлгөөн, хугацаа, хүндрэл зэрэг объектив үзүүлэлтээр үнэлэхийг сануулсан байна. Ялангуяа манайх шиг робот мэс засал хийгээд удаагүй улс дэлхийн жишгийг дагах нь зүйтэй аж.
АНУ-ын робот мэс заслын салбарын тэргүүлэгч “Intuitive surgical”-ын мэдээлснээр 2025 онд дэлхийн хэмжээнд 11 106 “Da Vinci” систем суурилагдсан бөгөөд энэ оны I улиралд үүний тусламжтайгаар мэс засал хийлгэсэн өвчтөний тоо 20 сая давжээ. “Da Vinci”-ээс гадна “Revo-I”, “Hugo”, “Versius”, “Toumai”, “Hinotori” зэрэг робот систем зах зээлд түрэн орж ирж, эмчилгээний үр дүнгээрээ өрсөлдөж эхэлжээ. Түүнчлэн “Nature reviews urology”-ийн дүн шинжилгээгээр ойрын хугацаанд хамгийн бодитой хөгжих чиглэл нь эмчийн хяналтад ажиллах, анатомийг таних, эрсдэлийг урьдчилан мэдээлэх, мэс заслын ур чадварыг үнэлэх, дүрслэлээр чиглүүлэх хиймэл оюуны туслах функцүүд робот мэс засалд нэвтрэх нь. Өөрөөр хэлбэл, дэлхийн анагаах ухааны салбар тун удахгүй эмч-робот-хиймэл оюун гэсэн шинэ загвар луу “урвана” гэсэн үг. Харин бид робот мэс заслын хаалгыг олонтоо тогшиж, дөнгөж л нээгээд байна. Иймд хэрэглээг нэмэгдүүлэх, эмчилгээний үр дүнд суурилсан дата баазаа бүрдүүлж, түүнд үндэслэсэн шинжлэх ухаанч шийдвэр гаргаж сурах, эдийн засгийн үр ашиг, өвчтөний аюулгүй байдлыг тасралтгүй үнэлэх нь эхний ээлжид чухал аж.