Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхааралгүй, зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслийг нь өмсгөлгүй хурдан морь унуулснаас болж, ойчиж, чирэгдэн амиа алдсан хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгийн уяач Я.Цогбадрах өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон төр, засгийн шийдвэрийг зөрчсөнөөс ийм харамсалтай хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-нд уяач Я.Цогбадрах хурдан хээр азаргаа хөлслөхдөө “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS:6264-2018 стандарт”-ыг хангалгүй, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр насанд хүрээгүй хүүхдэд унуулсан аж. Ингэхдээ хоёр хөлийг нь олмоор даруулж мордуулсны улмаас хүүхэд мориноосоо унаж, чирэгдэн гавал, тархины хүнд гэмтлийн улмаас амиа алджээ. Уг хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсгийн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тус аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд эл хэргийг хоёр дахь удаагаа хэлэлцээд уяач эрд нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял шийтгэсэн аж. Мөн хохирогч хүүгийн хууль ёсны төлөөлөгч буюу ээжийнх нь сэтгэцэд учирсан хохиролд 195, оршуулга болон бусад зардалд 10.7 сая гаруй төгрөг Я.Цогбадрахаас гаргуулан олгохоор шийдвэрлэжээ. Уяач болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан ч ял, шийтгэлийг хэвээр нь үлдээж. Түүний өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээж, сэтгэцэд учирсан хохиролд төлөх төлбөрийг 2024 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99 сая төгрөг гаргуулах өөрчлөлт оруулсан юм.
Уг хэргийг анхан шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцээд уяачид нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, оршуулгын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 205 сая төгрөг гаргуулахаар болсон ч Дээд шүүх хэргийг буцааснаар ийнхүү дахин шийдвэрлэв.