Нийгмийн ажилтнуудын дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улс даяар жил бүр тэмдэглэдэг энэхүү “World social work day”-н хүрээнд манайх өнөө жил “Хүртээмжтэй нийгмийн төлөө” арга хэмжээг зохион байгуулах гэж буйгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Өнөөдөр болох уг өдөрлөгийн хүрээнд нийгмийн ажлын сайн туршлагыг танилцуулах “Open mic”, экспо, үзэсгэлэн, салбарын мэргэжилтнүүд, судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэднийг олон нийтэд сурталчлах, идэвхжүүлэх зэрэг ажил өрнүүлэх аж. Бүхий л салбар дахь нийгмийн ажлын мэргэжлийн үнэ цэнэ, тэдний улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцох нь дээрх арга хэмжээний зорилго. Ташрамд мэдээлэхэд, нийгмийн ажилтан нь эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, гэр бүл гэхчлэн нийгмийн хамгааллын олон салбарт ажилладаг чухал боловсон хүчин билээ. Үндэсний хэмжээнд төрийн бус, хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагад харьяалагддаг хүмүүсийг оролцуулахгүйгээр зөвхөн төрийн албанд 4600-4700 нийгмийн ажилтан холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
М.Гэгээ