Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болсон, өдгөө УИХын дарга Н.Учралын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилогдоод буй С.Энхболд нарт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлээд байна. Түүнтэй хамт Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын дүү гэгдэх, “Аймарсанаа продакшн”-ы захирал, ЭМЯ-ны төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Б.Амарсанаа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон байна.
Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн. Тиймээс тус банкнаас уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарч, төслийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоосон юм. Улмаар тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг гаргуулан Монгол Улсад эргүүлэн төлүүлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй бөгөөд Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталснаар АТГ-ынхан нарийвчлан шалгах ажиллагаа эхлүүлсэн юм. Уг хэрэгт холбогдуулж Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын садан төрлийн хүн гэгдэх Ө.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх, барилгын компанийн эзэн Б.Батболд нарыг мөн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлээд байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ” боловсруулж, хөгжүүлж, хэрэгжүүлэх зургаан сая ам.долларын гэрээт ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэрээний хэрэгжилт хангалтгүй байхад хууль бусаар нөлөөлж, үлдэгдэл төлбөр 1.1 сая ам.долларыг төсвөөс гаргуулан улсад их хэмжээний хохирол учруулахад дээрх хүмүүсийн үйлдэл оролцоог тодорхой болгосон аж.