Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Би ИЗНН-ын гишүүнээр 10, даргаар нь хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өчигдөр намын онц их хурал гэж хийлээ. Манай намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Тиймээс тус хурлаар намын даргыг хөөх боломжгүй, намын гишүүнчлэлээс хасах, эсэх асуудлыг дүрмийн хороо л шийднэ. Намын дүрмийг Дээд шүүхээс бүртгэхгүй гэсэн бичгийг бид энэ сарын 2-нд авсан. Үүнээс хойш 60 хоногийн дотор бүртгэхээс татгалзсан гурван үндэслэлийг засаж, ахин хандана. Тиймээс ИЗНН-ын дүрэм хүчин төгөлдөр гэсэн үг. Үүнээс гадна 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам нэр дэвшигчээ сойно. Намын даргын хувьд би нэрээ дэвшүүлэхээс татгалзахгүй. Ерөнхийлөгчийн сонгуультайхолбоотойгоор манай намыг хагалах, бутаргах, нэр хүндэд халдах гэсэн улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий хүмүүсээр тоглуулахгүй” гэлээ.
Ташрамд, уржигдар буюу энэ сарын 9-нд ИЗННын зарим гишүүн хуралдан, дээд шүүхэд дүрмээ бүртгүүлж чадаагүй, бүх гишүүнийхээ дэмжлэгийг хүлээгээгүй зэрэг шалтгаанаар ИЗНН-ын даргаас Б.Батбаатарыг хөөснөө мэдээлсэн юм.
С.Дулам