“Би барилгын зураг, төслийн компанид ажиллаад дөрвөн жил боллоо. Үндсэн цалин 2.5 сая. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 2-2.1 сая төгрөг бэлэн авдаг. Хэдийгээр би залуу ажилтан, ажилд ороод удаагүй ч тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн нөхөн олговор зэргийг судалж, ойлгохыг хичээдэг. Хүн бүр л хөгширнө бас хөдөлмөрийн чадвараа ч алдах магадлалтай учраас тэр. Хэрэв би үндсэн цалингаа авсан хэвээр, улсад багадаа 20 жил ажиллаад чөлөөндөө гарвал сард 1.1 сая гаруй төгрөгийн тэтгэвэр авах юм билээ. Одоо мөрдөж буй хуулиар, өнөөдрийнхөө цалингаар шүү дээ. Харин сар бүр төлдөг бараг 400 000 төгрөгийн татвар, хураамжаа өөртөө хуримтлуулж явбал 20 жилийн дараа 100 сая төгрөгтэй болно. Хүүг нь тооцож, санхүүгийн сахилга баттай амьдарвал үүнээс ч өндөр дүн гарах боломжтой. Иргэн бүр улсдаа татвар, шимтгэл төлөх үүрэгтэй боловч хөгшрөх, өвдөх, осолдох тохиолдолд тушаасан мөнгө нь амьдралд нь хүрэлцэхүйц байдлаар эргэн олгогддог бол гоё. Даанч манай улсад тийм юм алга” хэмээн Чингэлтэй дүүргийн иргэн О.Оюунсувд ярив.
Сүхбаатар дүүргийн иргэн, 54 настай Г.Мөнхтуяа “1990 оны үед л хөдөлмөрийн зах зээл рүү орсон. Ямар ч ажил олддоггүй хэцүү цаг байлаа. Лифтчин, троллейбусны кондуктор, Хот тохижилтын газрын ажилчин зэргийг 10 орчим жил хийсэн. Дараагаар нь “Ноён хайрхан”, “Азын дөрвөн уул” гэсэн компанид нярав, тооцооны ажилтан, үйлчлэгчээр найман жил гаруй ажиллалаа. Ажилгүйдэл их, ажил олгогч цөөн байсан уч раас 1990-2000 онд хөдөлмөр эрхэлж байсан хүмүүст улсаас 2-3 жил “бичиж өгсөн”. Тэгээд тэтгэвэрт гарах нас ч дөхлөө, улсад бараг 20 жил ажиллачихлаа хэмээн бодож явтал нийт 12 жил дөрвөн сар л байна гэв. Ажиллаж байсан компаниуд дампуурсан, тухайн үедээ нийгмийн даатгалын шимтгэлээс зугтсан зэрэг олон асуудал гарсан. Ажилласан жилээ нөхүүлэхийн тулд архиваас шүүгээд нэмэр болсонгүй, алга. Хамт ажиллаж байсан хүмүүсээ олж, гэрч лүүл гэсэн учраас эрж хайж л байна. Бас тэтгэвэрт гарах нас нэмэгдэн, би 55-тайдаа биш ахиад хоёр жил гурван сар хүлээх хэрэгтэй болсон. Ажилласан жил хүрээгүй учраас хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу одоогийн ханшаар 650 00 орчим төгрөг 3-4 жилийн дараа авна. Би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Одоо бол такси үйлчилгээ эрхэлж бага сага орлого олдог” гэлээ.
“15 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ, САРД 250 000 ОРЧИМ ТӨГРӨГ АВДАГ”
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Ганхүү “Тасралтгүй 32 жил ажиллаад 2020 онд тэтгэвэрт гарсан, одоо 74 настай. Өндөр настны бүрэн тэтгэвэр буюу өнгөрсөн нэгдүгээр сард нэмсэн дүнгээр 790 000 төгрөг авдаг. Сувилалд явах, спортоор хичээллэх, чанартай хүнс худалдан авах ямар ч боломжгүй л орлого л доо. Тэтгэврээ авсан өдрөөс хойш долоо хоногт л зарцуулаад дуусчихдаг юм. Бараа, бүтээгдэхүүн, эмийн үнэ тасралтгүй өсөж байгааг ч хэлэх үү. Бас хүү гийнхээ ажилд нэмэр болох гээд гурван жилийн хугацаатай 15 сая төгрөгийн тэтгэврийн зээл аваад өгчихсөн. Одоо бол 250 000 орчим төгрөг л сардаа авна. Хүүхдүүд нэмэр болдог л юм. Гэхдээ бидний амьдрал нэлэнхүйдээ л хүнд байна шүү дээ. Тэтгэвэр нэм гээд ахмадууд жагсаж, цуглахыг дэмждэг. Үр дүнд хүрвэл сайн л байна” гэлээ. Харин Хан-Уул дүүргийн иргэн Ч.А “Цэрэгт явсан хоёр жилээ оролцуулаад хүчний байгууллагад нийт 26 жил ажиллаад би өнгөрсөн онд 44 настайдаа тэтгэвэрт гарсан. Гавьяаны амралтад гарахдаа 36 сарын тэтгэмж авсан бас 1.8 сая төгрөгийн тэтгэвэртэй. Залуу наснаасаа цагдаагийн байгууллагадаа сайхан ажилласан, тэтгэврийн хэмжээ ч бага биш, төрийнхөө буяныг залбирч хүртэж байна” хэмээн сэтгэл хангалуун өгүүлсэн.
Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо хуу чирч, нийгмийн даатгалын сан дампуурч, өндөр настнууд болон бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүс сэтгэл дундуур бүр бухимдалтай амьдраад олон жил боллоо. Манай улсад 2025 оны байдлаар 419 000 орчим хүн тэтгэвэр авч байсан нь 2019 оныхоос 108 000-аар өссөн дүн болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын тоо 5-6 жилд л 100 000-гаар нэмэгдсэн хэрэг. Түүнчлэн бид “эв санааны нэгдлийн зарчим” буюу ажил хийж, татвар бүрдүүлж буй хүмүүс нь өндөр настнуудынхаа тэтгэврийн мөнгийг “босгодог” тогтолцоотой. Гэтэл дэлхий нийтэд болон Монголд иргэдийн дундаж насжилт өсөн, ажиллах хүчний оролцоо багасаж буй. 1990 онд нэг ахмадын тэтгэврийг зургаан ажилчин бүрдүүлж байсан бол 2024 онд 2.7 болж буурчээ. Улмаар 2035 онд хоёр, үүнээс арван жилийн дараа гэхэд хөдөлмөрийн насны 1.5 хүн нэг хүний тэтгэврийг “үйлдвэрлэх” тооцоо байна. Энэ нь хэрвээ бид тэтгэврийн тогтолцоо, хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүйгээр явбал өндөр настнуудынх нь амьдрал огт сайжрахгүй, асуудал улам хүндэрнэ гэсэн үг. Бас ажиллах хүч цөөрнө, тэтгэвэр авагчдын нас уртасна гэдгийг мартаж болохгүй.
Тэгвэл одоо яах вэ. Уг нь үе үеийн Засгийн газраас тэтгэврийн реформ хийнэ, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувийн сангуудыг олшруулах, эсвэл баялгийн сангуудын орлогоос тэтгэврийнхэнд төвлөрүүлж, хөрөнгө оруулах, удирдах боломж бүрдүүлнэ л гэдэг. Энэ чиглэлээр ямар ажил хийж буйг нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ), Нийгмийн даатгалын ерөнхий газрынханаас (НДЕГ) тодрууллаа. НДЕГ-ын дарга Б.Батжаргал “Манайх хэрэгжүүлэгч агентлаг. Засгийн газар, салбарын яамнаас гаргасан бодлого, чиглэлийн дагуу ажилладаг. Одоогоор тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх тухайд яригдсан юм бага. Хууль, эрх зүй орчин, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, эсэх нь эхлээд УИХ-аар хэлэлцэгдэнэ” гэлээ.
Харин ГБХНХЯ-ны төлөөлөл “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр, бүх тэтгэмж, халамжийн хэмжээг өсгөсөн. Тэтгэвэрт гарах иргэдийнхээ орлогыг сайжруулах зорилгоор дараалсан долоон жилийн цалингийн дунджаар нь өндөр тэтгэвэр тооцож байсныг тав болгосон зэрэг зохицуулалт хийсэн. Тэтгэврийн реформ хийх, тогтолцооны шинэчлэлт явуулах талаар цөөнгүй асуудлыг хэлэлцэж, судалж байгаа. Ямар нэгэн шийдвэрт хүрч, хуулийн төсөл өргөн барихаар бол тухайн үед нь мэдээлье” гэлээ.

ГАЛ УНТРААХ, АРГАЦААХ БАЙДЛААР АЖИЛЛАЖ БАЙНА
Засгийн газар, шийдвэр гаргах түвшнийхэн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, салбаруудад шинэчлэл, реформ хийх зэргийг гал унтраах түвшинд буюу тэтгэвэр нэмэх, эсвэл зээлийг нь чөлөөлөх, цахилгааны тарифыг өсгөх гэх мэтээр өнгөцхөн авч үзэж ирлээ. Үүний улмаас бүх салбарт олигтой шинэчлэл гарахгүй, цаг аргацаасан нөхцөл үүсэв. Түүнчлэн дэлхий дахинд насжилт уртсаж, ажиллах хүчний оролцоо багасан, хотжилт нэмэгдэж буй. Жил ирэх бүр илүү олон хүн, урт хугацаанд тэтгэвэр авна гэсэн үг. Энэ нь манайх шиг нийгмийн даатгалын тогтолцоо муу хөгжсөн улсад улам л хүнд тусна. Ажил хийх хүн цөөрөөд ирэхээр бүтээмж багасаж, цалин нэмэгдэхээ болино. Бүтээмж муутай, бага цалинтай иргэд өөрийн ч, өрөөлийн ч тэтгэврийг олигтой хуримтлуулж чадахгүй. Энэ талаар хөдөлмөрийн эдийн засагч, доктор Б.Батчимэг “Манай тэтгэврийн сангийн орлогыг одоо ажиллаж буй хүмүүсийн шимтгэл болон төсвөөс бүрдүүлдэг. Уг нь тэтгэврийн даатгал гэдэг нь урт хугацаатай, тасралтгүй шинж чанартай учраас олон улсад хөрөнгө оруулалтын томоохон хэрэгсэл гэж үздэг. Ерөөсөө иргэдээ төрийн болон хувийн санд хөрөнгө хуримтлуулах боломжийг нь бүрдүүлээд, нээлттэй сан үүсгээд өгчихдөг. Ажил хийж байхдаа хэр их шимтгэл төлнө, төдий чинээгээр их тэтгэвэр авдаг үндсэн зарчимтай. Гол нь ийм санд хуримтлагдах хөрөнгө, зарцуулах хэмжээг нарийн тооцож, хөрөнгөө удирдаж, хянаж явдаг. Бас бүх хүн шимтгэл төлөх ёстой. Манайд бол малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл төлдөггүй, эсвэл хамгийн бага дүнгээр төлдөг. Уг нь хөдөлмөрийн насны иргэн нэг бүрийг нийгмийн даатгалын санд хамруулдаг, шимтгэл төлүүлдэг болчихвол сангийн хөрөнгө арвижаад ирнэ. Бас хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг бодлогоор дэмжих шаардлагатай. Манайд үйл ажиллагаа явуулдаг, байгууллагууд ашигладаг хувийн хөрөнгө оруулалтын цөөнгүй сан бий. Эдгээрийн үйл ажиллагааг дэлгэрүүлж, улс “хуулж” ч болно. Залуучууд нийгмийн даатгалын шимтгэл яагаад төлөх ёстой вэ, дарамт болж байна гэж ил цагаан ярьдаг болсон энэ үед тэтгэврийн реформыг хийж эхлэхгүй бол оройтчихоод байна” гэлээ.
Олон улсын жишгээс харахад тэтгэврийн системийг сайжруулахад гурван тулгуурт бодлого баримталдаг аж. Үүнд улсын суурь тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгалын систем буюу шимтгэл төлөх зарчмаар хуримтлал бий болгох. Нэмээд хувийн хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг аж. Өөрөөр хэлбэл, нэг иргэн албан ёсоор гурван санд их, бага хэмжээгээр хөрөнгө үүсгэдэг байх нь. Мөн Канад, Норвег, Сингапур шиг байгалийн баялгийн орлогоос тогтмол хадгалсаар дэлхийн жишиг болсон баялгийн сантай болж, түүнийгээ тэтгэврийнхтэй холбох. Түүнчлэн эдгээр хуримтлалаасаа хувьцаа, бонд авах, үл хөдлөх болон дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулах гэх мэтээр тасралтгүй өсгөх арга хэрэглэдэг байна.
С.Дулам