
Ховд аймгийн Жаргалант сумд энэ сарын 20-нд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлан эмчилж буй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс өчигдөр мэдээллээ. Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэнээс авсан сорьцыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид PCR-аар шинжлэхэд хариу нь эерэг гарчээ. Тиймээс баталгаажуулах буюу нян судлалын нарийвчилсан шинжилгээг үргэлжлүүлэн хийж буй гэнэ. Мөн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлын 12 хүнийг тусгаарлан хянаж байгаа аж.
Тусиргэн нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байж болзошгүй хэмээн албаныхан асуумж судалгаанд нь тулгуурлан таамаглаж байна. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ онцлогтой.
Жил бүрийн 7-10 дугаар сард тарваган тахлын өндөр эрсдэлийн үе тохиодог. Ялангуяа байгалийн голомтын идэвхжил нь долоо, наймдугаар сард хамгийн өндөр хувьтай байдгийг ЗӨСҮТ-өөс сэрэмжлүүлээд буй. Иймд тарвага, зурам, оготно тэргүүтэй мэрэгч амьтан, тэдгээрийн цус, эд, эрхтэнд хүрэхгүй, махыг нь хүнсэнд хэрэглэхгүй байх, байгалийн голомт идэвхжээд буй энэ үед тарвага агнахаас татгалзахыг анхаарууллаа.
О.ОРГИЛОХ