
БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 10-21-нд зохион байгуулсан математикийн олон улсын 67 дугаар олимпиадад (IMO-2026) манай улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв. Тодруулбал, тус тэмцээнээс “Сант” сургуулийн 11в ангийн сурагч Д.Хүслэн, 12в ангийн сурагч Ч.Чингүн нар мөнгөн медаль гарджээ. Мөн тус сургуулийн 12в ангийн сурагч С.Манлай, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч А.Ану, “Эрхэт эрдэм”-ийн 12а ангийн сурагч Т.Билгүүнгэрэлт, “Шинэ-Үе”-ийн 12а ангийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэн болсон юм. Түүнчлэн А.Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн бахдам амжилт үзүүлсэн аж. 90 гаруй орны 1000 орчим сурагч оюун ухаанаа сорьсон эл олимпиадад оролцогчид 10 цагийн турш есөн бодлого, гурван даалгавар гүйцэтгэж, мэдлэг болон бүтээлч сэтгэлгээгээ уралдуулжээ.
Манай багийн ахлагчаар Монголын математикчдын холбооны гүйцэтгэх захирал, доктор Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажиллаж, сурагчдаа амжилттай чиглүүлэн оролцуулсан байна. Ташрамд дурдахад, Бага, дунд ангийн дэлхийн математикийн 26 дахь удаагийн олимпиад (IMC) өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг дуустал Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн кампуст болно. IMC нь 1999 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй олон улсын нэр хүндтэй олимпиад бөгөөд дэлхийн 40 гаруй орны шилдэг сурагчид бага (IV-VI анги), дунд (VII-IX анги) гэсэн ангиллаар хувийн болон багийн төрөлд өрсөлддөг юм. Манай улс 2010 оноос тус олимпиадад тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд БНСВУ-д болсон 25 дахь удаагийн тэмцээнээс цом хүртсэний үр дүнд эх орондоо зохион байгуулах эрх авсан билээ.