Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнууд болох Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизийн хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаар Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл өглөө. Уг хэлэлцээрийг өнөөдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Бэлтгэл ажлын талаар Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын дарга Н.Цолмон “Хэлэлцээрийн хүрээнд нийт 367 кодод хамаарах бараанд харилцан гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Үүнд аж үйлдвэр, хүнс, эрдэс болон химийн гаралтай бүтээгдэхүүн багтаж байна. Манай улс дээрх таван орон руу эдгээр барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох бөгөөд гаалийн татварыг шууд тэглэх, зургаан төрлийн бүтээгдэхүүнийхийг 25, эсвэл 50 хувиар бууруулах, үлдсэн таван төрөлд квот тогтоох замаар хөнгөлөлт үзүүлэх бэлтгэлээ бүрэн хангалаа. Жишээ нь, 0406.30 кодтой хайлмал бяслагийг Монгол руу импортлоход одоогийн мөрдөж буй гаалийн тариф 15 хувь байдаг. Тэгвэл энэхүү түр хэлэлцээрээр 50 хувиар бууруулж байгаа юм. Тарифын хөнгөлөлтөд хамрагдах үндсэн шалгуур нь гарал үүслийн бичигтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн таван улсад үйлдвэрлэсэн гэдгийг нотлох ЕАМ маягтын гэрчилгээг үндэслэнэ гэсэн үг. Харин гаалийн үнэ нь 200 еврогоос хэтрээгүй тохиолдолд гарал үүслийн бичиг шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлнэ. Мөн гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш дөрвөн цагийн дотор барааг эзэнд нь олгох аргачлалыг боловсруулсан” хэмээв. Тарифын хөнгөлөлтөд элсэн чихэр, кетчуп, гахайн мах, хуурай сүү, өндөг, алим, хөөлгөгч, витамин, вакцин, шингэн антибиотик, азотын бордоо, шатахуун, дизель түлш, шампунь, угаалгын нунтаг зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг багтаажээ.