
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан бүс нутагтаа тогтмол эргүүл, хяналт, шалгалт зохион байгуулжээ. Энэ сарын 1-20-нд л гэхэд тус бүс нутгийг нийт 20 549 аялагч, жуулчин зорин очсон гэнэ. Үүний дотор Отгонтэнгэр хайрхан болон лаагчны хар нуур чиглэлд аялагчдын урсгал хамгийн их байсан аж.
Байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд болон нутгийн иргэд хамтран дээрх хугацаанд нийт 44.5 тонн хог хаягдлыг түүн цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргэн зайлуулжээ. Гадаадын жуулчдын олонх нь хогоо ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт төвлөрүүлж буй бол манай аялагчдын зарим нь иргэний үүргээ ухамсарлахгүй, байгалиа хамгаалах соёлд хараахан суралцаагүй байгааг ч Хамгаалалтын захиргааныхан онцоллоо.