БНСУ-ын Пусан хотод болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа гишүүн орны статустай оролцож байна. Манай улс 2025 онд тус хорооны гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд үүний үр дүнд дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах, баталгаажуулах үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох, өв соёлоо олон улсад сурталчлан таниулахад манлайлах, энэ чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж бүрдсэн юм.
Дэлхийн өвийн хорооны энэ удаагийн чуулганаар улс орнуудаас нэр дэвшүүлсэн байгалийн болон соёлын өвийг жагсаалтад бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэж, дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын талаар бодлогын түвшинд ярилцах аж. Харин манай улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж, хэлэлцүүлгийн хуваариа хүлээж байна.
Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдсэн бөгөөд энэ цагаас хойш Орхоны хөндийн дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгалыг соёлын өвийн ангилалд бүртгүүлжээ. Харин байгалийнхад нь Увс нуурын ай сав болон Монгол дагуурын ландшафтыг бүртгүүлсэн байна.