Сүүлийн үед манай нэгэн алдартай нийтлэлч байнга “толгой”-н тухай ярих болов. Ямар толгой гэж үү. Оюутолгой, Тавантолгойн тухай биш, харин хүн, амьтны “илүү, олон толгой”-н тухай юм. Аймаар, аймшигтай, айдастай сонсогдож байна уу. Нийтлэлээ тэрбээр яг энэ айдас, айгч, айлгагч гурвын тухай бичиж эхлүүлсэн юм. Энэ нь ч оножээ. Учир нь монголчууд хүүхэд байхаасаа олон арван толгойтой мангас, “хадны мангаа” гэгчээ сайж хүмүүжсэн байдаг. Үлгэр, туульд нь ч 15-95 толгойтой мангасууд дүрслэгддэг. Толгойнтоо нэмэгдэх тусам хүч чадал нь улам ихсэж, 15 толгойтой нь атигар, 75 толгойтой нь данхгар, 95 толгойтой нь ендэрваа хар мангас гээд бүр тус тусын нэртэй байдаг билээ. Гэсэн ч амьдрал дээр хоёр толгой, зургаан хөлийн тухай яривал жинхэнэ аймшиг болох буй.
Монголчууд юунаас хамгийн их айдаг вэ, түүнд нь дөрөөлж хэн айлгадаг вэ. Бүх монголчуудын дундаас хэн хамгийн аймхай вэ гэх мэтээр асуудал дэвшүүлэн эхэлсэн “Малчид ба түүний дайснууд” цуврал бүтээлийг шилдэг нийтлэлчдийн baabar.mn клубийн нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Цэнддоо өнгөрсөн намрын халуун өдрүүдэд дөрвөн цувралаар бичжээ.
Түүний нийтлэлийн гол шугам нь малчдын амьдралын түүх бөгөөд хамжлагын, хамжлагыг халсан, нэгдэлжих хөдөлгөөний, хувийн хөрөнгөтөн болсон, ардчилалд золгосноос 30 жилийн дараах өнөө үе гээд цуваа цагийн үүднээс тодорхойлж, энэ бүх үед тэдэнд хэн, юу дайсан болж байсныг шинжилж үзэв. Нийтлэлч өөрөө ийн ангилаагүй ч зураглавал энэ мэт хуваагдахаар санагдана.
Ингээд малчдын дайсан хэмээн тодор¬хойлсон эдгээр бүлгийн тухай нийтлэлч хэрхэн, ямар өнцгөөс авч үзсэнийг товч шинжилье.
1. ТӨР
Нийтлэлд дурдсанаар малчдын ахуй амьдралаар хамгийн их “тоглосон” дайсан нь төр юм. “Монголчууд мянганы турш хэнээс ч үл хамааран, хэнд ч үл ялархан малаа маллаж иржээ. Энэ бүхнийг хүнтэй юутай хээтэй нь эвдсэн үйл явц 1959 онд болсон юм. Хэнд ч хохирол учруулалгүйгээр малаа өсгөн амьдарч байсан тэдний өмч хөрөнгийг шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хураан авлаа” (Малчид ба түүний дайснууд) хэмээжээ. Үүний үр дүнд малч¬дын ахуй болон оюун сэтгэлгээнд гарсан өөрч¬лөлтүүдийг “Малчин эвдрэв” хэмээх нийтлэлийн хоёр дахь хэсэгт бичжээ. Үүнийг товчилбол,
-Нэгэнт өмчгүй болсон малчид хот суурин руу идэвхтэй нүүж эхлэв.
-Малыг нийгэмчлээдэх сэн чинь харах эзэнгүй баахан малтай үлдэх дөхсөн.
-Яаралтай хариу арга хэмжээ авч, хотын албан ёсны иргэн болж амжаагүй айлуудыг буцаан нүүлгэв.
-Малчид сонголтгүй болж, малаа хураалгаад зогсохгүй, хураалгасан малаа өөрсдөө маллах болов. Алдаж асгавал төлөх үүрэгтэй болов.
-Малаа өсгөөд дахин дахин нийгэмчлүүлсний дараа өсдөг ч үгүй, хорогддог ч үгүй төмөр сүрэгтэй болов.
-Малаа үхэхээр малын эмчтэй нийлж акт гаргуулдаг байв.
-Малын тоо чухал болохоос зүс чухал биш тул тарган малаа өөр дээрээ л авдаг байв (Малчид ба түүний дайснууд).
Энэ мэтчилэн бичсэн нь бүгд төрөөс болсон хэмээх санаа нийтлэлүүдээс цухалзаж байв. Эндээс тэгвэл төр гэж юу байна, хэдэн толгой, гар, хөлтэй вэ гэсэн асуулт урган гарна. Б.Цэнддоо гуайнхаар бол төр нь бараг Бал дарга байх аа. “Сургууль соёлд явахад “Малчны хүүхэд” гэдэг хүндэтгэх шалтгаан болох ба бүүр сансрын нисгэгч хүртэл шалгаруулахад “Малчны хүүхдийг нь явуул” гэж Бал дарга өөрөө үүрэгдэнэ” (Малчид ба түүний дайснууд) гэснээс үзвэл нэгдэлжих хөдөлгөөний энэ “эвдрэл”-д Бал дарга өөрөө төр болж, буруутаж байна.
Нийтлэлийн бодлого нь үргэлж төрийг шүүмжилдэг baabar.mn-ий нийтлэлчид барьж, тавьж, базаж, үзэж болдоггүй тэр төр гээчийн тухай ямар ойлголттой байдаг юм бол оо?
Төрийн тухай олон онолчоос “Төр нь тогтсон байршилгүй (no-site), хил хязгааргүй (boundless), дүр төрхгүй, бодьгүй (intangible), олон янзын хувиралтай (multiple-meta-morphoses)” гэж нотло¬хыг хичээсэн Туркийн антропологич Яил Наваро-Яшины үзлээр бол төр нь огт бодитой биш, үргэлж хийсвэр байдаг зүйл. Нэгэнтээ нийгэм хүмүүс санаанаасаа бүтээн бий болгож буй юм бол хүмүүс түүнийг яаж ч бүтээж, юугаар ч илэрхийлж болно. Тэд өдөр тутмын амьдрал, нийгмийн ямар ч дүр төрхөөр (face) төрийг төлөө¬¬лүүлэн илэрхийлж болно (Navaro-Yashin, Yael “Faces on the state: Secularism and public life in Turkey” Princeton and Oxford, 2002, 3. Д.БумОчир “Улс төрийн хүн судлалын онолын үүд”. Улаанбаатар, 2008, 119). Ингэж үзвэл ер нь хэн ч, яаж ч тэмцээд төрийг “хүчрэхгүй” бөгөөд өөрсдийн бий болгосон хийсвэр, санаалаг (ideological thing) ойлголт гэж хүлээн зөвшөөрвөл бид үргэлж өөрөө өөрсөдтэйгөө тэмцсэн байх нь ээ. Тиймээс социалист нийгмийн үед АИХ-ын депутатаар сонгогддог тэргүүний малчид ч өөрсдөө төр болж байсныг нийтлэлч “Ямар ч байсан малчдын эрх ашгийг төлөөлсөн сумнэгдлийн дарга нараас үнэмлэхүй олонх нь бүрдэж байсан Ардын Их Хурал...” хэмээн бичсэн нь тун чиг оножээ.
2. ТӨРИЙН ТҮШЭЭД
Сонирхолтой нь baabar.mn 76 нийтлэлчтэй нь 76-г амлаж аваад үзнэ гэсэн үг үү. Малчдын гол дайснаар нийтлэлч УИХ-ын 76 гишүүнийг нэрлэв. Яв цав 76 гишүүн гээгүй ч нийтлэлд тэднийг яг үнэндээ хэлэхгүй муухайгаар хэлсээн, гэвч үнэн зүйлийг яалтай.
-Яг үнэндээ малчдыг хуурах нь хотын иргэнийг хуурахаас гурав дахин хөнгөн гэж үзээд байгаа юм. Бас саналыг нь худалдан авахад хямд, 30 мянган хүнд бэлэг тараахад хотойхгүй баян нэр дэвшигч зөндөө ч гэсэн тэр олон хүнд хүрэхэд амаргүй. Зүгээр л айлын нэг бидон тараахад хотод хэд, хөдөө хэд орохыг цээжээрээ тооцоолоод үз дээ...
-Хэн малчдыг сайн хуурна, тэр амжилт төлдөг улс төрөөр бид амьдарч байна. Яагаад хөдөөд шинэ эмнэлэг, сургууль барихын оронд Соёлын төв хэмээх хөндий байгууламж олноор нь бариад байгаа юм бэ? Тэр чинь улстөрчдийн сүм дуган, олон түмнийг цуглуулж, тархи угаах танхим, аахар шаахар бэлэг тарааж, хонины хавирга мөлжүүлэх ордон, толгойг нь эргүүлдэг хүрээлэн байхгүй юу (Малчид ба түүний дайснууд).
Улстөрчид бол “жүжигчид”, жүжиг тавих тайз нь 330 сум дахь Соёлын төв болж таарч байна. Түүний энэ мэдрэмжтэй бичвэр онолын ойлголтуудтай харгаад байгаа нь мэдээж “туршлага”-ын илрэл. Английн социологич Филип Абрамсынхаар “Төрийн бидэнд мэдэгдэж үзэгдэх үйл ажиллагааны цаана заавал нууц буюу Засгийн газар хэмээх тайзан дээр үзэгчдийн өмнө байгаа тоглолтын тайзны ард талд жинхэнэ бодит үнэн нуугддаг. Энэ нууцыг төрийн хүч энгийн ард олонд харуулахгүй, мэдүүлэхгүй далдлах хамгийн том саад тотгор болдог”, “Үнэндээ хамгийн энгийн өнөөгийн жишээгээр л аваад үзэхэд сөрөг хүчнүүд бие биеэ ямар булхайтайг сэгээгүй илчилж, харин илчлүүлсэн нэг нь сэгээгүй өөрийгөө зөвтгөж, гүжирдүүллээ хэмээн маргацгаах нь эцсийн бүлэгтээ ард түмэнд хэн нь үнэн хэлээд байгааг эс мэдэх нууцлаг зүйл болон үлдэх тохиолдол их” (Д.Бум-Очир “Улс төрийн хүн судлалын онолын үүд” Улаанбаатар, 2008, 111-112) тул нийтлэлчийн Соёлын төвийг үзэх үзэл үүнтэй нийцэж байна. 2023 оны улсын төсвийн Соёлын сайдын багцад 500 ор¬чим тэрбум төгрөгөөр соёлын төвүүд барих тө¬лөвлөгөө (Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд эргэн төлөлт хийх концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн төрөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт. Мо¬н¬¬гол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн II хавсралт, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532001935011) байгааг нийтлэлч бээр таашаахгүй нь ойлгомжтой боллоо. Ха¬рин бидон тараасан үйлдлийг би хувьдаа буруушаа¬даггүйгээ хэлмээр байна. Хуванцар савыг бидоноор сольсноороо Баянхонгорынхон лав бусад аймгаас онцгой харагдана лээ.
3. ЭХ ОРОНЧИД
Нийтлэлд бичсэнээр малчдын удаах дайсан нь “Сайн үйлсчин”, “Эх орончин”, “Ард түмэнчин”, “Нинжа”, “Рэкэтчид”, “Гаднын гар хөл бологчид” (Малчид ба түүний дайснууд) болсон лоббичин бүлгүүд ажээ. Тэдний гол хийдэг ажлыг нийтлэлч:
-Уул уурхайн компаниудыг малчдын нэрээр дарамтлан мөнгө саадаг;
-Хотоос хэдэн хүн очоод малчны дүрд тоглоно. Нутгийн ганц нэг цаг завтай улсыг оролцуулна. Ингээд л малчдын тэмцэл болж хувирна. Нинжа нар Бигэрийн хоолой, Уянгын бэлчээр, Орхоны эх, Заамарын хөндийд “уулыг тал, талыг там” болгож байхад, малчныг, малыг, бэлчээрийг хэн ч хамгаалаагүй;
-Төрөөс илүү зохион байгуулалт, ашиг хуваарилалт тэнд байдаг;
-Манай эдийн засгийг сэргээх ганц сурвалж болсон уул уурхайн эсрэг, эрчим хүчээ дотоодоос хангах зорилготой УЦС барихыг голлон эсэргүүцдэг, их төлөв гадаадаас санхүүжилттэй байх магадлалтай бүлэглэлүүд малчдын нэрийг духан дээрээ наах ажээ;
-Танай хоттой хонь руу “наран талаас нь төр”, “сүүдэр талаас нь хулгайч” нар ханцуй шамлан орно;
-Хөдөөнийхний нэрийн өмнөөс хэлэлцээрийн ширээнд сууна. Баахан мөнгө нэхэж аваад хот руугаа арилна. Уурхайн компанийнхан санаа амраад ажлаа явуулах гэтэл хотоос хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор ирнэ (Малчид ба түүний дайснууд) гэх мэтээр тухайн бүлэглэлийг дүгнэсэн байна.
Энэ бүлэглэлүүдийн тухай бичихдээ нийтлэлч нэгэн зүйлийг мартсан бололтой. Тэдний хувьд ийн танигдсаныхаа дараа хотод хэд хэдэн жагсаалд харагдаад, түүнийхээ дараа төрийн түшээ болж, тэгээд төр хэмээх барьцгүй, хоосон “манан”-д орж, бидэнд харагдахаа байдаг олон арван жишээг сүүлийн 30 жилд үзсэн шүү дээ.
4. УУЛ УУРХАЙ
Уг цуврал нийтлэлд дурдагдсан усан цахилгаан станц, ураны олборлолт, уул уурхайн хөрөнгө оруулалт гурвыг миний хувьд энд “Гурван У” хэмээн хамтатган орууллаа. “Гурван У”-гийн асуудлыг нийтлэгчийн зүгээс малчдын дайсан гэж огт авч үзээгүйг энд дурдъя. Учир нь нийтлэлч сүүлийн үед “олон толгой”-н тухай энд тэнд (“Уран” баримтат нэвтрүүлэг. 2022 оны арванхоёрдугаар сарын 10. NTV телевиз.) ярих хэрнээ тийм толгой үзээгүй гэж батлан хэлэхийнх нь цаана мөнөөх “Гурван У”-г ихээхэн дэмжиж байгаа нь илчлэгдэнэ. Энэ талаар авч үзсэн өнцгүүдийг онцолъё.
-Ураны хайгуул хийхээр гараад байгаа гэх “хоёр толгой”-той тугалыг мал тооллогоор хоёр толгойд тооцох, эсэхэд гайхаж болохгүй. Гайхах хориотой.
-Бас малынх нь толгой нэмэгдээд байхад хүнийх нь яагаад ганц хэвээрээ байна. Орос ах нар чинь “Нэг толгой сайн, хоёр байвал бүүр ч сайн” гэдэг юм шүү хэмээн сануулж ч болохгүй.
-Усан цахилгаан станц бариулахгүй “энэ айл бэлчээргүй болно”, хотын тавдугаар юм уу, эсвэл Багануурын цахилгаан станц баривал “ий хужаа ирнэ”, “Атомын цахилгаан станцын түлшний материал хайгуулдвал “тугалд нь толгой нэмэгдэж ургана” (Малчид ба түүний дайснууд).
Егөөдөл бүхий эдгээр санаагаар нийтлэлч өөрөө “Гурван У”-г дэмжиж буйгааилэрхийлжээ. Түүний бичлэгийн нэг онцлог нь энэ бөгөөд “Цэнддоо бол хошин зохиолч. Гэхдээ хошин зохиолын фельетон, памфлет, егөө, наргиа, сатир, сарказм, хоржигнол талыг нь барьсан хошин зохиолч. Угаасаа тэрээр төрөлхийн шооч нэгэн. Тэр лав хэдэн зуун фельетон (франц үг, нийгмийг “чимхсэн” шог найруулал) бичсэн байх аа. Фельетоны нэг сул тал нь тухайн үедээ нийгэмд болж буй үйл явдлыг шоолж миалдаг ч цаг хугацаа өнгөрөхөөр үйл явдалтайгаа хамт мартагддаг талтай. Ерөөсөө фельетон бол сонины төрөлд хамаардаг, цаг үетэйгээ зэрэгцэн явсаар хуучирдаг эд л дээ” (https://www. sonin.mn/news/culture/129662) хэмээн түүнийг үнэлсэн ч явдал бий.
Чухамдаа тэрбээр Мардай хотыг нураасныг буруушааж, тэнд зүв зүгээр идэж ууж явснаа байнга л ярьдаг. Үнэндээ ч тийм байх. Ямар ч улсад үйлдвэр уурхай ажиллуулж байгаад орхисны дараагийн хэдэн жилд хүмүүсийн эргэлзээ “Уурхайн сүнсний хот” хэмээх зүйлийг бий болгодог. “Монголд ч хаагдсан уурхайн сүнсний хотхон байхгүй гэсэн үг биш. Бичил уурхайчдад хэрэггүй юм уу, тэд борлуулж чадахгүй эрдэм баялаг гэж бий. Жишээ нь, 1980-аад оноос Дорнод аймагт Зөвлөлтийн байгуулсан ураны Мардай орд үүний од жишээ юм. Зөвлөлтийн цөмийн олон хөтөлбөрийн адил уг уурхай “нууц хот” байсан тул албан ёсны газрын зурагт тэмдэглэгддэггүй байжээ. Тэнд 10 мянга гаруй орос ажиллаж, амьдардаг ч жирийн монгол хүн нэвтрэх эрхгүй байв. Мардай жилийн турш шинэ жимс худалдан авч болох цорын ганц Монголын хот гэдгээрээ дурсагдан үлджээ. Мардайн уурхай ЗХУ нуран унаснаас хойш гурван жилийн дараа буюу 1995 онд хаагджээ. Оросууд орхин явсан хот эзгүйр ч, байшин барилга өвсөнд дарагдан нуранги болов. Нутгийн малчид ч ураны хор унд усыг хордуулсан байх вий хэмээн сэжиглэх ч тэр хавиар малаа бэлчээсээр л байв. Зураг дээрээс харахад хэсэг ямаа орхигдсон барилга өөд авирч гараад, хоёрдугаар давхрын цонхоор толгойгоо цухуйлган зогсож байв” (“Монгол, Киргиз дэх уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө: Улс төр, нийгэм, хүрээлэн буй орчин, соёлын утга агуулга”, Лезак Стефен, Г.Мөнх-Эрдэнэ “Уурхайн хойд нас: Уурхайн хаалтын тухай эргэцүүлэхүй”, Улаанбаатар, 2021, 300-301) гэсэн нь ч тэнд амьдрал өрнөдгөөрөө өрнөдгийг батлах гэсэн манай нийтлэлчийн санааг бататгаж байна.
Гэхдээ Мардай биш юм гэхэд хоёр толгойтой тугал хараагүй хэмээн өөртөө итгэлтэй ярьж, бичдэг түүнийг няцаах баримт харин Мон¬голоор дүүрэн билээ. Оюутолгойн нөлөөллийн бүсэд амьдардаг малчин “Өнгөрсөн жилийн хавар зургаан хөлтэй ишиг хотонд минь гарсан. Өвөг дээдсийнхээ удам угсааг үргэлжлүүлэн би нэг насаараа мал маллаж байна. Жаран жил мал маллахдаа би ийм юм харж байсангүй. Холбогдох албаны хүмүүст нь ч хэлсэн. Ганц манай хотонд ч биш, уурхайтай ойр амьдардаг айл саахалтуудад маань ижил асуудал 2000 оноос хойш байнга үзэгдэх боллоо. Үнэхээр уурхайгаас болоод байна уу гэдгийг тодорхойлуулах гэж Засгийн газар хүмүүс томилсон ч эцэстээ бидний өөрийн буруу болоод дууссан. Хэдэн үеэрээ мал малласан бид чинь цус ойртолтоос сэргийлэх талаар мэдэхгүй байна гэж байх уу. Засгийн газар биднийг улайм цайм доромжилсон...” (“Монгол, Киргиз дэх уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө: Улс төр, нийгэм, хү¬рээлэн буй орчин, соёлын утга агуулга”, Э.Эрдэнэбуян “Монголчуудын хүрээлэн буй орчин, өв соёлд туссан уул уурхайн сүүдэр”, Улаанбаатар, 2021, 254) гэж байгаатай адилхан зүйл ярих малчин газар сайгүй бий. Тиймээс энэ тухайд бол нийтлэлчийг хэт “нэг талыг барьсан” гэж хэлмээр байна.
Угаас Монголын сэтгүүл зүйн салбар нь дөнгөж саяхныг хүртэл хэдэн том улстөрч, группийн эздийн телевиз, сонин, сайтад хуваагдаж, “Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурахгүй байх сайн талтай боловч тэр группийн эзэд, ард нь байгаа улстөрч, бизнесменүүдийн үзэл бодол, дуу хоолойн индэр болж, мэдээллийн тэнцвэрт байдал алдагдах, нэг талыг барьж туйлшрах сөрөг талтай” (М.Зулькафиль “Нийгмээ эрүүл болгоё гэвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх хэрэгтэй”, 2017, https://ikon.mn/n/ xwl) байдгийн үлгэрээр явж ирсэн. Гэхдээ baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубийг ийм шалтгаанаар нэг талыг барих шалтгаангүй болов уу хэмээн найднам.
5. МАЛЧИД
Малчид малчдадаа дайсан болно гэж үү. Бо¬лолгүй яах вэ. Тэр бүү хэл, хүн өөрөө өөртөө хам¬гийн том дайсан гэдэг хойно. Тиймээс малчин хүн малчиндаа дайсан болж байгаа шалтгаануудыг нийтлэлд дурдсан юм. Мөн нийтлэлч малчин хүнийг юу гэж тодорхойлсон бэ?
-Малчид мангар биш боловч мангар дүр эсгэн, хорон хорон үйлдлүүдээ мангараасаа болсон аятай харуулна. “Учир мэдэхгүй малчин ард”-ын дүрд айхавтар ухаалгаар тоглоно;
-Нэгдлийн малыг 25 сая толгойд хүргэх гэж улсаараа мачийгаад бараагүй юм сан. Гэтэл малаа аминдаа авангуутаа гуравхан жилийн дотор 30 сая, гучин жилийн дотор 70 сая болгоод хаяж байгаа юм даа;
-Нэрийг нь барьсан этгээдүүд дур дураараа шуугиулаад байхад малчид яагаад дуугүй байгааг лавласан асуулт бас гарна. Тэд үнэхээр л шударга, хэрсүү хүмүүс юм бол, эх орныхоо хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтыг дэмжихгүй байгаа юм бэ гэж үү? Энэ бас учиртай. Малчин нүүдэлчид зөнгөөрөө бүтээн байгуулалтын эсрэг байдаг юм.
-Тээр жил өвөр монгол танил маань ярьж байсан. Нэг малчин алс газар оторт явахаар шийдээд нүүжээ. Бусдын хашаалж, эзэмшсэн олон бэлчээрийг дайрч нүүдэллэх болсон байна. Ингээд өнжиж, хоносон газартаа нэг хонь өгөөд явсан чинь, ирэх буцахын нийлбэр нь сүргийн талд хүрсэн гэдэг.
-Хамгийн муухай нь юундаа байна гэхээр хотынхныг үймүүлж хүчрэхгүй шинжтэй болоод ирэхээр мэдээллээс хол байдаг нүүдэлчин малчдыг “бай” болгон үймүүлж байх бололтой.
Энэ мэтээр малчдыг тодорхойлохдоо өрөвдөн хайрласан, хөөрхийлсөн өнгө аясаар нэлээд бичжээ. Хамгийн анхаармаар зүйл бол тэднийг “мэдээллээс хол” хэмээн тодорхойлсонд байна. Өнөөгийн дэлхий ертөнцийг аал第ны тор мэт сүлжсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн гайхамшиг дунд амьдарч байгаагийн дотор манай хэдэн малчин ч хоцроогүй явааг хэлье. Хотын биднээс илүү хурдтай сүлжээг ашиглаж, интернэтэд чөлөөтэй нэвтэрч чаддаг ч тэдний авч буй мэдээлэл ямар төрлийнх вэ гэдэгт л эргэлзмээр. Учир нь малчдын авч буй мэдээлэл нь зөвхөн фэйсбүүкээр дамжуулсан, шинжлэх ухаанч бус, “хов жив” байгаад гол учир оршдог.