ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатар, түүнд хахууль зуучилсан зэвсэгт хүчний 015 дугаар ангийн төлөвлөлтийн офицер ажилтай Д.Даваажаргал нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны дөрөвдүгээр сард “Монгол генерал”-ын өдрийг тохиолдуулан Ц.Жавхланбаатарт бригадын генерал цол олгож байсан билээ. Тэрбээр үүнээс өмнө буюу Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2019 онд барилгын цэргийн 110 дугаар ангийн замчин, дэд ахлагч Т.Гомбосүрэнг энхийг сахиулах ажиллагаанд явуулна хэмээн 4.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Тодорхой шалтгааны улмаас удаа дараа хасагдаж байсан Т.Гомбосүрэнг зэвсэгт хүчний 110 ангийн соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан Д.Даваажаргал зуучлан Ц.Жавхланбаатартай холбож өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон аж.
Дэд ахлагч Т.Гомбосүрэн анх Өмнөд Судан дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд явах хүсэлтэй байсан боловч тэнцэлгүй, Афганистанд олон улсын цэргийн эвслээс явуулж асан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх XI ээлжийн цэргийн багт Ц.Жавхланбаатар багтаасан гэдэг. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 27- нд хэлэлцэхээс өмнө бригадын генерал Ц.Жавхланбаатар хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг.
Харин түүнд хахууль зуучилж, хамжигчаар оролцсон гэж буруутгагдсан зэвсэгт хүчний 015 дугаар ангийн төлөвлөлтийн офицер Д.Даваажаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас хэргийг шүүх ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улмаар Д.Даваажаргалыг Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон”, Ц.Жавхланбаатарыг “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдаар дамжуулан хахууль авсан” гэм буруутайд тооцсон. Ингээд Ц.Жавхланбаатарыг 20 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жил хассан бол Д.Даваажаргалыг 10 саяар торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хязгаарласан. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Д.Даваажаргал, түүний өмгөөлөгч нар давж заалдсаныг хэлэлцээд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, оноосон ял шийтгэл гэм бурууд тохирсон гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ үеэр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх хоёр хүнд хахууль өгч энхийг сахиулах ажиллагаанд явсан Орхон аймаг дахь зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин Т.Гомбосүрэн нийтийн албанд ажиллаж байгаа асуудлыг анхаарахыг сануулсан. Өөрөөр хэлбэл, Т.Гомбосүрэнгийн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч цэргийн ангидаа ажиллаж буй нь байж болох зүйл үү гэдгийг прокурорт анхааруулсан юм. Цэргийн албаны тухай хуулийн 28.2-т “Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн болон Монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна” гэж заасан байдаг. Тэгвэл хахууль өгсөн, зуучилсан, авсан ахлагч, офицеруудын цолыг хэрхэх бол.