ХҮН намын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан, 2023 оны есдүгээр сард тус намын орон тооны бус нарийн бичгийн дарга нарын нэгээр томилогдсон, хөгжлийн эдийн засагч гэгддэг Ц.Лут-Очирын биед энэ сарын 25-ны шөнө хүмүүс халджээ. Түүний гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн машинт эргүүлийн ажилтнууд очоод “Ажлын цагаар мэдүүлэг өгч, гомдлоо гарга” хэмээснээр дуудлагыг нь хаасан аж. Үүний дараа тэрбээр цахим хуудсанд “Хацар хэгзэрч, цус гарсныг цагдаа харсан. Би гомдлоо гаргана гэсээр байхад гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байна гээд хэрэг хаалаа гэх юм” хэмээн бичсэн байв.
Тэгвэл Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн “Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны 01.30 цагийн орчимд иргэн Ц.Лут-Очироос тус дүүргийн III хорооны нутаг, 53 дугаар байрны урд зодууллаа” гэх гомдол мэдээлэл ирсэн. Үүний дагуу гомдлыг бүртгэлд авч, биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилон бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна” гэсэн мэдээлэл өглөө.