Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэрэгт холбогдуулан цагдаагийнхан таван хүнийг саатуулан шалгаж буй билээ. Тэднийг цагдан хорих саналыг цагдаагийнхан өнгөрсөн баасан гаргийн шөнө Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.12-3.2 дахь хэсгийн мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэх заалтыг үндэслэн уг таван хүнийг яллагдагчаар тооцсон бөгөөд тус Прокурорын газраас Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн хянан хэлэлцэж цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад уг таван хүнийг Эрүүгийн хуульд заасан найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээр нь зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.