Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, хуучнаар Хүүхэд, залуучуудын театр буюу өнөөгийн ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтжээ. Иргэн Д.С-г найзуудын хамт баарнаас гарах үед Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар агсам тавьж зодсон гэнэ. УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Э.Тэмүүлэн, мөн төрийн түшээ байсан, “GEM групп”ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Ц.Санжаачойпэл нар мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдсан нь “Хүүхдийн-100” орчмын, шөнийн цэнгээний газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн аж.
Тэднийг согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр тухайн шөнө эрүүлжүүлэх байранд саатуулсан бөгөөд өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм. Эх сурвалжуудын мэдээлснээр цагдаагийнхан тэднээс биологийн шинжилгээ авахад согтууруулах ундаанаас гадна нэг бус төрлийн мансууруулах бодис илэрсэн гэнэ.
Иргэн Д.С-д халдах үед тэд гурвуулаа байсан гэх мэдээлэл бий бөгөөд түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж буй аж. Харин Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг, тайлбар авч, яллагдагчаар татахаар болсон гэх мэдээлэл байна. Олон нийтийн сүлжээнд бичиж буйгаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар 10-20 гаруй удаа цагдаагийн байгууллагад шалгуулж байсан нь бүгд зөрчлийн хэрэг гэнэ.
Энэ хүмүүст зодуулсан иргэн Д.С нь гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, ирээдүйд нүд нь юм харах, эсэх нь эргэлзээтэй байна гэсэн мэдээл-лийг ойрын эх сурвалжууд нь өгүүлсэн юм.