Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд буусан онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан явуулаад хэд хэдэн үндэслэл зааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж өнгөрсөн зургаадугаар сард гаргаж байсан юм. Үүнийг нь НПГ-аас үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн аж.
Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Эл хэргийг манай улсад түр оршин суудаг БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар үйлдсэн. Тэд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тосож авсан хятадуудаасаа нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан бөгөөд энэ үедээ нэгийг нь зодож, гэмтээсэн бол нөгөөг нь буудаж хөнөөсөн юм. НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 10.1-2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь хөнөөсөн”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан”, 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн” гэснийг үндэслэн яллахдүгнэлт үйлдээд байсан билээ.
Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнэн, түүнийг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. Гэвч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ерөнхий шүүгчийн захирамжаар А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг батлан даалтад гаргачихаад байгаа билээ.