УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараахан цахим хуудсандаа “УИХ-ын дарга асан, гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй” хэмээсэн. Тэгвэл өчигдөр энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий албан ёсны мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн хэргүүдэд яллагдагчаар татах санал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөндолоо хоногт ирүүлсэн. Уг саналыг прокурор хянаад АТГ-аас ирүүлсэн санал нь үндэслэлтэй гэж үзсэн. Улмаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-3-ын их хэмжээний хахууль авах, 22.10-2 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол баталсан. Уг тогтоолыг мөрдөн шалгах байгууллагад хүргүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн үйлдлүүдийг цагдан хоригдоод хоёр сарын хугацаа өнгөрч буй МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдад холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгаад яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон учраас прокурор шийдвэр гаргасан аж.