Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан гэх “Кью Эс Си” компанийнхан Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны “Концессын гэрээг цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Тус компанийнхан “Засгийн газар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан захиргааны шийдвэр гаргалтын ажиллагаанд оролцох эрх, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулах эрх, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал хүргүүлэх боломж олгоогүй. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа атал ямар баримтад үндэслэж, “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж үзсэн нь тодорхой бус, бодит нөхцөл байдалд нийцээгүй, Концессын тухай хуульд зааснаар Засгийн газар гэрээг цуцлах эрх бүхий этгээд биш” гэсэн гомдол гаргасан аж. Харин Засгийн газрын зүгээс тэдний нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа “Кью Эс Си” ХХК нь концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Засгийн газар хуульд зааснаар үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийн дагуу концесс эзэмшигч гэрээний дагуу шилжүүлж авсан төрийн өмчийг эзэмшиж, ашиглахдаа хууль болон гэрээг зөрчсөн энэ тохиолдолд Засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авсан” гэжээ.
Шүүх “Кью Эс Си” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн үйл ажиллагаа зогсож, цаашид хэрэгжих боломжгүй болсон бөгөөд концесс эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.