“Оюутолгой” ХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Д.Амартүвшин, тус компанийн албан тушаалтнууд болох Б.Сэрчмаа, Ч.Нэргүй, М.Ганболд нарыг албан тушаалаа урвуулсан, хахууль аван, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд шалгаж буй билээ. Улмаар Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг хахууль авсан, мөнгө угаасан үндэслэлээр яллагдагчаар тооцон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлснийг аравдугаар сарын 24-нд хэлэлцээд “Гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж шүүгч С.Сэржмядаг гаргасан юм. Үүнийг нь Д.Амартүвшингийн өмгөөлөгч нар эсэргүүцэж, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргасныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгосон байна. Үүний дараа НПГ-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шүүхэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал гаргасан юм. Үүнийг шүүгч Б.Наранжаргал аравдугаар сарын 31-ний баасан гарагт хянан хэлэлцээд Монгол Улсын хилээр болон оршин суух хаягаас гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Ингэснээр Ч.Нэргүй, М.Ганболд нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорьж шалгаж байгаа юм.
Мөн өнгөрсөн пүрэв гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Түүний хоёр өмгөөлөгч нь шүүхэд “Мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө үү” гэсэн утгатай хүсэлт хүргүүлсэн юм байна. Үүнийг нь аравдугаар сарын 27-нд тус шүүхийн шүүгч хүлээн авахаас татгалзсан аж. Харин Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун аравдугаар сарын 30-нд хянаад яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн өөрчилж, хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг гэрч, хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт байгаа гэж үзэж нэг сар цагдан хориод байсан юм.
Г:Орчлон