Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК)- ын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан Л.Алтанхуягт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтийг хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрынханд тавьсан юм байна. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-3 дахь хэсгийн “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасны дагуу өнгөрсөн долоо хоногт НОСК-ын дээрх албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Л.Алтанхуяг нь албан тушаалаа урвуулж, Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцад иргэдийг хамруулах түр журмыг зөрчиж, нэгэн компанийн эзэмшлийн хоёр байрыг дур мэдэн бусдад түрээслүүлсэн. Улмаар түрээсийн болон ашиглалтын төлбөрийг хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Л.Алтанхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, зорчих эрхийг нь гурван жилийн хугацаагаар хязгаарлах ял оноожээ. Тэрбээр орон сууцыг дур мэдэн түрээслүүлж, НОСК-д учруулсан 9.3 сая төгрөгийн хохирлоо төлж, Төрийн санд байршуулсан байсныг шүүх тус корпорацад шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Л.Алтанхуяг өмнө нь мөн эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд эдлээгүй үлдсэн хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шүүх шийтгэх тогтоолдоо дурджээ.