Зам, тээврийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” (АТҮТ)-ийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан шийдвэрлэлээ. АТҮТ-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргаар ажиллаж байсан П.Батжаргал, программ хангамжийн менежер Д.Өсөхбаяр нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны арваннэгдүгээр сард шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, П.Батжаргал албан тушаалаа урвуулж, АТҮТ-өөс зохион байгуулдаг мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн нэр бүхий 19 хүний дүнг ERP систем ашиглан засаж, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Харин Д.Өсөхбаяр нь цөөнгүй хүнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцүүлснийхээ хариуд ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн дэргэдэх Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын төвийн албан тушаалтан Б.Одонтуяагаас 7.8 сая гаруй төгрөгийн хахууль эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан хэмээн буруутгагджээ. НПГ-аас П.Батжаргалд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан, Д.Өсөхбаярт 22.4-3 дахь хэсгийн хахууль авсан, Б.Одонтуяад 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг тус шүүх өнгөрсөн есдү гээр сард хэлэлцээд шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жил хасаж, П.Батжаргалыг 15, Д.Өсөхбаяр, Б.Одонтуяа нарыг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Эл шийтгэх тогтоолыг өөрчлүүлэхээр П.Батжаргалын өмгөөлөгч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Дарга нарынхаа эрхшээлд орсны улмаас 19 хүнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцүүлэх хууль бус шийдвэрийг гүйцэтгэсэн” хэмээсэн байв. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй учраас түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүү хээс оноосон ял шийтгэлийг хэвээр нь үлдээлээ.