АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо, тус салбарын инженер Б.Адъяа, техникч Б.Бат-Оргил нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна. Учир нь тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, ял шийтгэл оноосон ч тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр 2025 оны арваннэгдүгээр сард магадлал гаргасан юм.
Уг нь дээрх хүмүүст холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2024 оны зургаадугаар сард нэмж шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлж байв. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2025 оны хоёрдугаар сард хүлээн авсан ч долоодугаар сарын 25-нд шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүст холбогдох хэргийг шүүх нь хэлэлцэхгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсны эцэст хянан хэлэлцээд АТҮТ-ийн дэд захирал асан Х.Баярхүүгийн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, хоёр жил хорих ял оноожээ. Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоогийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, нэг жил хорихоор болсон аж. Инженер Б.Адъяа, техникч Б.Бат-Оргил нарын зорчих эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хязгаарлаж, төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хассан юм байна. Давж заалдах шатны шүүх нь хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй байсан гэх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр болжээ.
АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Х.Баярхүү нь Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо, инженер Б.Адъяа, техникч Б.Бат-Оргил нарт нөлөөлж, УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулсан, түүний хамаарал бүхий гэх аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан билээ. Тодруулбал, Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг хүнд даацын 300 гаруй тээврийн хэрэгслийг Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарт үзлэгт оруулж тэнцсэн хэмээн баримт бүрдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулсан гэх “Сантээвэр групп” ХХК-ийн эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүл, “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, мөн тооны чиргүүл, “Тэнгри транс”, “Баянговь транс” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр “Тэнцсэн” хэмээн хуурамч мэдээлэл тээврийн хэрэгслийн бүртгэлийн сандаа оруулж, давуу байдал бий болгосон юм. Тэдгээр тээврийн хэрэгслийн жагсаалтыг Х.Баярхүү нь У.Золбоо руу цахим хэрэгсэл, сүлжээ ашиглан илгээсэн аж. Ийнхүү хуурамч мэдээлэл оруулж, тэнцүүлснээр тухайн тээврийн хэрэгслүүд нь улс хооронд байнга ачаа тээвэрлэх “С” зөвшөөрөл авсан гэдэг.