Эрчим хүчний сайд асан, өдгөө “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны газрын дарга, сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан, одоо Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажилладаг П.Товуудорж нарыг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорихоор боллоо.
Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж. Улмаар тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь заалтад заасан “эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг прокурор өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг саналыг хэлэлцэх хурлыг тус шүүхийн шүүгч Э.Энхтүвшин удирдан прокурор, яллагдагч, тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан өчигдөр хянаад Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын “Эксим банк”-наас 40 жилийн хугацаатай, 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд ЭХЯ-наас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын хоёр, Монголын нэг аж ахуйн нэгж багтсан түншлэлийг сонгон шалгаруулсан байдаг. Улмаар есөн сая гаруй ам.долларын гэрээ хийсэн ч ажлаа олигтой хийгээгүй, гэрээний хугацаа дууссан байхад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулж төсвийг нь үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмж, эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Уг аж ахуйн нэгж нь П.Товуудоржийн хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” гэх компани болох нь тогтоогдсон билээ.