Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, хүүхдүүддээ мөн тийм байдлаар зовоосон, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт буруутгагдаж буй.
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хү чирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж, гэргий О.Нарангарав нь ч хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Б.Эрдэнэсүхэд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.7-1, 11.7-2-ын “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан”, 13.12-1 дэх хэсгийн хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Өдгөө Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянаж буй аж.