УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт согтуудаа бусдад халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ. Ингэхдээ Х.Тайванг “Эрүүдэн шүүдэг хүний хүүхэд” гэх мэтээр хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохиж, хамрыг нь гэмтээсэн гэнэ. Улмаар харилцан зодолдож, П.Сайнзоригийн шанаа, эрүүнд гэмтэл учруулсан аж. Өдгөө Х.Тайван, П.Сайнзориг нар хэн хэн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хандан биедээ учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор болоод буй бөгөөд дүгнэлт хараахан гараагүйг эх сурвалжууд хэлэв.
Харин П.Сайнзориг фэйсбүүк хуудсандаа “Танихгүй залуучууд хоргоогоод, гэнэт цохиод авсан. Дараа нь Б.Хурцын хүү Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэгт тодорхой байгаа. Элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх” хэмээн бичжээ. ХЗДХЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан, хуульч мэргэжилтэй хүний хувьд тэрбээр Үндсэн хууль зөрчиж, бусдын бурууг үр хүүхдэд нь нялзааж болохгүйг мэдэж буй биз ээ. Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.