УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас уг саналыг өнгөрсөн сарын 28-нд тус шүү хэд хүргүүлсэн юм байна. Үүнийг нь хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 3-наас эхлэн авсан аж. УИХ-ын гишүүн Э.Болормаад Эрүүгийн хуулийн 14.5-2.3 дахь хэсгийн “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах гэмт хэргийг сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн” гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй билээ.
Тэрбээр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 56.1.1-ийн “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага”-аас хандив авахыг хориглох заалтыг зөрчсөн байдаг. Уг нь гадаадын иргэн, аж ахуйн нэгжээс хандив авснаа мэдсэн бол уг хуулийн 56.2-т заасан “Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэх заалтын дагуу буцаах ёстой. Э.Болормаад хандив өгсөн “Ханбогд эксплорэйшн”, “Гал эксплорэйшн” гэх хоёр аж ахуйн нэгж нь Завхан аймгийн нутагт уул уурхайн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Квок гэх гадаадын иргэний эцсийн өмчлөлд байдаг юм. Ингэж гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжээс хандив авч, зарцуулсныг аудитын байгууллагаас тогтоосон байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хуулийн “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан” гэх заалтын үндэслэн яллагдагчаар татсан юм. Харамсалтай нь, тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, элдэв шалтаг хэлэн мөрдөгч, прокурорын дуудсанаар ирэхгүй байсан. Энэ удаад ч мөн тийм байдлаар саад учруулснаас таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий.