“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэд хэдэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тэднээс хоёрт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарын үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн билээ. Тэднээс Б.Эрдэнэцогт, Х.Азжаргал нарт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хахууль авсан” гэх заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн аж.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” төсөл хэрэгжүүлж эхэлж. Энэ төслийг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг түшиглэж хийсэн юм байна. Уг төслийг хэрэгжүүлэх албаны даргаар Х.Азжаргал ажилласан бөгөөд уг ажлыг гүйцэтгэгч “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрөөс удаа дараа их хэмжээний хахууль авсан хэмээн буруутгагдаж буй. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэлийн хяналтыг баталгаажуулсныхаа хариуд танилынхаа дансаар 25 сая, ажлаа дутуу хийж, Улсын комисс ажиллах боломжгүй гэж дүгнээд байхад эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэр гаргаж, 20 сая төгрөгийн хахууль авсныг мөрдөгчид шалгаж тогтоосон гэнэ.
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн түгээх үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, ерөнхий инженер Б.Эрдэнэцогтын хувьд эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын гишүүнээр ажиллаж, ажил нь дутуу байхад хүлээн авах шийдвэр гаргасны хариуд дээрх “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрөөс жолоо чийнхоо дансаар дамжуулан таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Прокурорын байгууллага “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяагийн хадам дүүгийнхээ дансаар дамжуулж, 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг хараахан хянаж дуусаагүй байна.